| | USD/MNT 0₮

Я.Буянжаргал:Тусгаарлагдсан иргэд эмчилж байгаа эмчийнхээ өөдөөс талх шидэж, мөөгтэй хоол идэхгүй гэж уйлж байна

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал тусгаарлалтад байгаа иргэдийн талаарх мэдээллийг өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 2310 иргэн тусгаарлалтад байна. Эдгэрсэн хоёр иргэнээ тусгаарлах байранд авсан ажиглаж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа. Эмнэлэгт хэвтэгсэд болон эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүстээ хяналт хийдэг. Зөвлөх эмч нартайгаа байнга цахимаар холбогдож байна. Өнөөдөр тусгаарлах байранд 43 жирэмсэн эмэгтэй бий.

Тусгаарлах байранд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд цаг алдалгүй тусламжийг үзүүлж сайн ажиллаж байна. Гэтэл иргэдээс гомдол, санал ирж байна.

Агуулгаар нь аваад үзвэл ихэнхдээ өрөө жижиг байна, дасгал хиймээр байна. Хоол амтгүй байна. Нохойны хоол өгөөд байна. Госпитал болон ХӨСҮТ-д хэвтэхгүй, ЭХЭМҮ-д очмоор байна гэх мэт шаардлагуудыг тавьж байна.

Эмчийн өөдөөс талх шидэж, мөөгтэй хоол идэхгүй гэж уйлж байна. Хоорондоо зодолдож маргана. Иргэд ийм байдлыг гаргамааргүй байна.

Нэг зүйлийг хэлэхэд коронавирус ханиад биш, дэлхий нийтийг хамарсан аюултай цар тахал. Өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан зөвлөгөө өгөөд орхино. Монгол иргэд та нар бодох хэрэгтэй байна. Тусгай үүргийн онгоцоор иргэдээ татаад авч байгаа улс орон цөөхөн байгаа шүү. Тэдний нэг нь Монгол Улс.

Өнөөдөр таван одтой зочид буудалд тусгаарлаж байгаа улс дэлхийд хаана ч байхгүй. Амны хаалтаа зүү гэж ташуурдуулж байгаа улс байгааг ч та бүхэн харсан байх. Гэтэл манайх бол амны хаалтаа зүү гэж зөвлөж байна. Иргэн та амны хаалтаа зүүх үүрэгтэй.

Өнөөдөр эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэн Монголоос өөр хаана ч байхгүй шүү. Тусламж үзүүлж байгаа ялангуяа тусгаарлах байранд байгаа эмч нар дэлхийд урилгаар очдог, ДЭМБ-ын зөвлөхөөр ажиллаж байсан, энхийг сахиулах ажиллагаанд баг бүрэлдэхүүний төлөөлж явж байсан эмч хурандаа байгаа юм шүү.

Тиймээс иргэд та бүхэн авираа жаахан татна уу. Хэн нэгэн хүнийг уурлаж, уйлахаар тусгаарлах хугацааг нь богино болгочихдог юм биш. Ийм хариуцлагагүй байх ёсгүй. 

Ганц хүний эрүүл мэнд биш, таны ар гэрийг эх орноо хамгаалж байгаа гэдгийг ойлгох ухамсартай байгаач. Ганц төрийн байгууллага, эмнэлгийн ажилтнуудын хийх ажил биш. Иргэн таны ч үүрэг хариуцлага гэдгийг ойлгох хэрэгтэй. Дараагийн үүргийн онгоцонд суух иргэд ч бас анхаарч ирээд хариуцлагатай байхыг сануулж байна” гэлээ.

Өнөөдөр эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэн Монголоос өөр хаана ч байхгүй шүү. Тусламж үзүүлж байгаа ялангуяа тусгаарлах байранд байгаа эмч нар дэлхийд урилгаар очдог, ДЭМБ-ын зөвлөхөөр ажиллаж байсан, энхийг сахиулах ажиллагаанд баг бүрэлдэхүүний төлөөлж явж байсан эмч хурандаа байгаа юм шүү.
Нийгэм

Сэтгэгдэл (23)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.