| | USD/MNT 0₮

Монголын Эмэгтэй хүмүүжигчид шатрын ДЭЛХИЙН АВАРГА боллоо

 

Дэлхийн шатрын холбоо, АНУ-ын Чикаго хотын Шерифын холбооноос хамтран 4 дэх жилдээ зохион байгуулж буй Дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн 2024 оны 10 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус тэмцээнд ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигчдийн баг түрүүлж “Дэлхийн аварга” хэмээх алдарыг 3 жил дараалан хүртсэн бахдам амжилтын эзэд боллоо.

Дэлхийн 60 шахам улсын 150 гаруй тамирчид өрсөлдсөн тус тэмцээнд манай баг тамирчид хэсгийн шатанд Энэтхэгийн 1, 2 дугаар баг, Казакстан, Гүрж, Киргизстаны багийн хожиж хожигдолгүйгээр хэсгээ тэргүүлсэн бөгөөд 2 дугаар шатанд Латвийн багийг, хагас шигшээд Румыны багийг, аваргын төлөө Эльсалвадорын хүчирхэг багийг буулган авсанаар түрүүлэх болзлоо хангалаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүмүүжигчдийг нийгэмшүүлэх ажлын хүрээнд тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, нийгмийн амьдралд бэлтгэх сургалт, нөлөөлөл, соён гэгээрүүлэх  ажлыг тогтмол байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэхүү шатрын тэмцээнд өндөр ач холбогдол өгөн бэлтгэл сургуулилтыг ханган ажилласан юм.

Шатрын спорт нь дэлхийн хамгийн өндөр түвшинд хөгжсөн оюуны спортын төрөл бөгөөд анхаарал төвлөрөл, сэтгэн бодох өндөр чадварыг тамирчинд олгохын зэрэгцээ сэтгэл зүй, бясалгалын эерэг нөлөөллийг үзүүлдэг билээ.

 Тус тэмцээний бэлтгэл сургуулилт, зохион байгуулалтад Их мастер, дэд хурандаа Т.Батчимэг арга зүй, сэтгэл санаа, арга тактикын байнгын дэмжлэг үзүүлэн ажилласан бөгөөд Монголын Шатрын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Эрдэндорж тэргүүтэй шатрын зүтгэлтнүүд идэвхтэй хамтран ажиллалаа.Цаашид шатрын спортын ач холбогдлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр нөлөөг нийгэмшүүлэх ажилд нэвтрүүлэн ашиглах зорилгоор 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги “Шатар таны амьдралд” хөтөлбөрийг боловсруулан бүх нийтийн сургалт, тэмцээн, уралдаан зохион байгуулахаар ажиллаж эхлээд байна.

Ингээд Дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг 3 дахиа хүртсэн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн баг тамирчид, алба хаагчдад нийт бие бүрэлдэхүүний өмнөөс халуун баяр хүргэе.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.