| | USD/MNT 0₮

ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ: СЕХ сонгогчдын боловсролыг дээшлүүлэх дорвитой ажил хийдэггүй болохоор залуусын ирц бага байдаг уу?

Нийслэл болон сум дүүргийн 2024 оны ИТХ-ын сонгууль болж байна. Иргэдийн төлөөлөгчид нь төсвийн мөнгийг хэрхэн, юунд, яаж зарцуулах, иргэдийн дуу хоолойг сонсож УИХ-д өргөн барих, бидний төлөөллийг бүрдүүлж, санал хүсэлтийг ажил хэрэг болгон биелүүлэх чухал ач холбогдолтой юм. Гэтэл иргэд тэр дундаа залуус ИТХ-ын сонгуулийн идэвх жил ирэх бүрд багасаж байна. Ингээд 1992-2020 онуудын УИХ, ИТХ-ын сонгуулийн оролцооны хувийг дэлгэрэнгүй мэдээлье. 

 

1992 онд ИТХ-ын сонгуульд нийт хүн амын 72.1 хувь саналаа өгч байсан бол 2020 оны сонгуульд нийт хүн амын 56 хувь сонгуульд саналаа өгчээ. Үүнээс жил ирэх бүрд ИТХ-ын сонгуулийн ирц багасаж байгааг харж болно.

“2020 ОНЫ ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД 18-25 НАСНЫХАН 6.45 ХУВЬ БУЮУ БУСАД НАСНЫХНААС ХАМГИЙН БАГА ИРЦТЭЙ ОРОЛЦСОН”

18-35 насны залуус  нийт хүн амын 44 хувийг эзэлдэг ч сонгуулийн ирц бага байдаг талаар олон нийт шүүмжилдэг. Тухайлбал, 2020 оны Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 2,016794 сонгогчдын 55,98 хувь буюу 1,129,010 сонгогч саналаа өгчээ. Үүнээс нийт сонгогчдоос 56-аас дээш настай 12.96 хувь, 41-55 насныхан 17.36 хувь, 26-40 насныхан 19.22 хувь, 18-25 насныхан 6.45 хувийн ирцтэй оролцож байв. Товчхондоо өмнөх сонгуулиар 18-25 насныхан бусад насныхнаас хамгийн бага ирцтэйгээр сонгуульд оролцжээ.

ЗАЛУУС ЭНЭ ТУХАЙ: Залуусаас яагаад ИТХ-ын сонгуульд бага ирцтэйгээр оролцдог болохыг асуулаа. Тэгэхэд, “Орон нутагт харьяалалтай учир хотоос аймаг руу очиж сонгууль өгөх боломжгүй байдаг. Ихэвчлэн цахим сүлжээ, сонгуулийн сурталчилгааны материалаас нэр дэвшигчдийн талаар мэдээлэл авдаг. Сонгуулийн ерөнхий хорооны нэр дэвшигчид, сонгуулийн талаар мэдээлэл түгээлт хангалтгүй байна. Манай дүүрэг, хороонд ямар боловсролтой, хэн гэдэг хүн нэр дэвшиж байгаа тухай тодорхой мэдээлэл байхгүй. Энэ талаар таниулах сурталчилгааны ажил бага байна. Залуус улс төрд итгэх итгэлээ алдсан учир жил бүрийн сонгуулийн ирц бага байгаа. Яг улс төрийн тухай өргөн хэмжээний мэдээлэл байхгүй” гэдэг хариултыг өгсөн юм.

УЛС ТӨР СУДЛААЧ Б.УУГАНЖАРГАЛ ЭНЭ ТУХАЙ: “Нэгдүгээрт, Залууст орон нутгийн сонгуулийг ухуулан, таниулж сурталчилдаггүй. МУ-ын СЕХ сонгогчийн боловсролыг дээшлүүлэх тал дээр дорвитой ажил хийхгүй байна. Хоёрдугаарт, улс төрийн намуудын намирсан байдал, намын гишүүд жирийн иргэдээс давуу байдал эдэлж байгаа нь нийгмийн бухимдлыг төрүүлж буй. Тиймээс хэн ч гарсан ялгаагүй, сонгууль өгөх хэрэггүй гэдэг үзлийг төрүүлж байна. Залуус улс төрд идэвхтэй оролцож өөрийн дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй. Нийгмийн дийлэнх хувийн улс төрийн мэдлэг, оролцоо сайжрах тусам, хяналт нэмэгдэж өөрчлөлт, шинэчлэлт хийх боломж нэмэгдэнэ. Улс төрийн мэдлэг сайжирна гэдэг заавал аль нэг намд элсэх биш юм. Ер нь манай улс залуучууд ихтэй ч тэдэнд ээлгүй болохыг хүн бүр мэднэ шүү дээ. Ихэнх залуус “энгийн хэрэглээндээ боогдож, татварт дарлуулж байхад юун улс төр манатай” гэж бодож магадгүй. Гэсэн хэдий ч ирээдүйн өөрчлөлтийн төлөө улс төрд санаа тавьж, сонгуульдаа идэвхтэй оролцоосой гэж хүсдэг” гэв.

ЗАЛУУ СОНГОГЧДЫН ИРЦ БАГА БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС: Залуу сонгогчдын сонгуулийн ирц бага байгаад хэд хэдэн үндсэн нөлөөлөх хүчин зүйлс бий. Үүнд нийгэм эдийн засаг, улс төр, тогтолцоо, хувь хүний улс төрийн боловсрол нөлөөлдөг гэж Доктор, дэд профессор Н.Мягмарцоож 2021 онд нийтэлж байв.

Үүнээс гадна нэр дэвшигчдийн талаарх тодорхой мэдээлэл байдаггүй нь өөр нэг нөлөөлөх хүчин зүйл мөн гэж залуус онцолж буй. Учир нь цахим сүлжээний хэрэглэгчдийн мэдээллийн эрэлт нийлүүлэлт өргөжих тусам цар хүрээ нь томордог. Иймээс тодорхой мэдээлэл авахад хүндрэлтэй болж байна.

Энэ талаар мэдээллийг түгээх үндсэн үүрэг бүхий гол институт СЕХ-ны веб хуудсаар зочлоход “Сонгуулийн тухай хууль, тогтоомж, шийдвэр, өмнөх сонгуулийн дүн, саналын хуудас бөглөх заавар” зэргийг л харах боломжтой байв. Харин аль дүүрэг, сумд ямар нэр дэвшигч аль намаас дэвшиж байгаа тухай тодорхой, гол мэдээлэл алга. Иймд иргэд төөрөгдөж, зар сурталчилгаанд хамгийн их мөнгө зарцуулсан нэр дэвшигчдийг сонгох магадлал өндөр юм. Учир нь нэр дэвшигчид сурталчилгааны материал, мэдээллийг санхүүгийн чадамжаар харилцан адилгүй тараадаг билээ. Товчхондоо, хамгийн их сурталчилгааны материал тарааж, цахим сүлжээнд мэдээллээ өргөн түгээсэн нэр дэвшигчид сонгогдох магадлал өндөр байж болзошгүй юм.

 

 

Сэтгүүлч: А.Булганчимэг

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.