| | USD/MNT 0₮

Мартаж болохгүй амь, хаяж болохгүй хариуцлага томчуудын өмнө тулгамдсаар байна

Хүүхдийн төлөө “За” гэж хэлсэн ч, тэдний эрхийг хөсөр хаясаар даруй 20 жил өнгөрлөө. Тэд эрүүл аюулгүй орчинд, хүссэн зүйлээ хийж,  аз жаргалтай амьдрах нь битгий хэл нийгмийн золиос болсоор, томчуудын тарьсан балгийг үүрч дүүрч энд хүрсэн гэхэд хилсдэхгүй. Тоглоомондоо даруулж өөд болох, согтуурсан этгээдийн дугуйг нөхөж одох, балгас болсон барилгын буланд газ, цавуу үнэрлэж мансуурах гэх мэт хэлж барамгүй гашуудалтай олон үйл явдлыг бид харсаар “дөжирсөн” улс. Гэвч мартаж болохгүй амь, хаяж болохгүй хариуцлага томчуудын өмнө тулгамдсаар л байна.

Уй гашуу, өнчрөл хагацал дагуулсан үйл явдлуудыг нэгтгээд статистик болгон судлахаар ердөө л хэдэн тоо болоод өнгөрчихдөг нь нууц биш. Гэвч доор дурдагдсан тоо бүрийн цаана монголын ирээдүй яаж сүйрч, доройтож буйг харуулна.

2023 оны байдлаар 3606 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон бол, 1500 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон. Цаашлаад, 14-18 насны хүүхдүүдийн 64 хувь нь тамхи, 70 хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэж үзсэн гэх судалгаа байна. Мөн мансууруулах эм бэлдмэл хэрэглэсэн 435 тохиолдол бүртгэгдсэний 58 хувийг насанд хүрээгүй хүүхдүүд эзэлж буй нь анхаарал хандуулах том асуудал мөн. Нийт гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн насны ангиллыг харвал, 91.2 хувь нь 15-35 насны залуус байгаа юм.

ТЭД ИЙМ БАЙДАЛД ХҮРЭВ ҮҮ, ТЭДНИЙГ ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭВ ҮҮ?

Гэмт хэрэгт холбогдсон 1500 хүүхдээс судалгаа авахад 10 хүүхэд тутмын дөрөв нь чөлөөт цагаа өнгөрөөх газар байхгүйгээс болж мансууруулах эм бэлдмэл хэрэглэсэн гэх тайлбар өгчээ.  Дээр дурдсан тоон мэдээлэл жил ирэх тусам өсөх хандлагатай байгаа нь бидний айх асуудал болоод удлаа. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН-ын залуус “Хүүхдийн төлөө хот” уриан доор нэгдэж буй нь анхаарал татна. Үнэхээр хүүхдийн төлөө тэд юу хийж чадах вэ? Хүүхдэд ээлтэй хот хүн бүрд ээлтэй байх нь тодорхой. Тэгвэл иргэндээ ээлтэй нийгмийг цогцлоохын тулд олон улсын сайн жишиг, бодлогыг судалж, Хүүхэд хөгжлийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж буй, II тойрогт нэр дэвшигч Б.Саруул дараах гаргалгааг танилцуулж байна.

Нэг. Бидний зорьж буй гол зүйл бол хүүхдийн хөгжилд зориулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх явдал. 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр хэний ч таамаглаагүй улс тэмцээнд өндөр амжилт үзүүлснийг дурдах нь зүй. Энэ бол Исланд гэх жижигхэн арал улс. Цөөхөн хүн амтай энэ улс яагаад мэргэжлийн спортод өндөр амжилт гаргах болсон бэ гэх асуулт дэлхийн нийтийн сонирхлыг татаж чадсан. Энэ асуултыг бид ч мөн сонирхож, хариулт олохоор Исландыг  зорьсон юм. Бид анх спортын амжилтын нууцыг мэдэх зорилготой байсан ч, судалгааны явцад байдал 360 градус өөрчлөгдөн, нийгэмд тулгарсан залуусын асуудлыг шийдэх том хөтөлбөр болж хувирсан.

1990-ээд оны эхээр Исланд улсад тулгамдсан асуудал бол 15-16 насны хүүхдүүд хорт зуршилд автсан явдал байв. Ингээд 2000 оны эхээр тухайн улсын Засгийн Газар шинэ хуулийн төслийг санаачилж “хүүхэд хөгжлийн карт” гаргаснаар үр дүнгээ үзүүлсэн. Энэхүү төслийг олон улс эх орондоо нутагшуулж, хүүхдэд ээлтэй нийгмийг бүтээлцэхэд нэг шат ахиж чадсан түүхтэй.  “Хүүхэд хөгжлийн карт” бол хүүхэд, залуусыг дэмжсэн хамгийн оновчтой бодлого гээд Европын орнууд энэ жишгийг хуулж ашигласан байгаа юм. Баялгийн сангаараа дэлхийд тэргүүлдэг Норвеги улс ч Исландын сайн жишгийг хуулж, биеийн тамирын хичээлийн цагийг уртасгаж, спортод зориулсан тусгай хөтөлбөр гаргаж эхэлсэн байна. Үүгээр зогсохгүй ЕБС-иудын дэргэд хүүхэд хөгжлийн төвүүдийг байгуулсан нь үр дүнгээ үзүүлж эхэлсэн. Норвегийн тухайд хүүхэд хөгжлийн картаар дамжуулан нэг хүүхдэд жил бүр баялгийн сангаасаа 400 евро төсөвлөдөг. Энэ мөнгөөр хүүхдүүд дуртай дугуйлан, секцдээ хамрагддаг. Номын сангаар үйлчлүүлдэг. Ингээд хийх зүйлтэй, хүсэл мөрөөдөлтэй болсон хүүхдүүд элдэв муу зуршилд автахгүй болсон. Бид ч энэ жишгийг хэрэгжүүлэх хэрэгтэй.

СПОРТОД ОРУУЛСАН НЭГ ЕВРО ЭРҮҮЛ МЭНДЭД ОРУУЛСАН ДӨРВӨН ЕВРОТОЙ ТЭНЦЭНЭ

Хоёр. Унгар улсад хэрэгжүүлсэн сонирхолтой татварын бодлого

Тухайн улсад томоохон компаниуд татвар төлөхдөө аль салбарт зориулах вэ гэдгээ сонгодог. Олон улсад тун сайн жишиг тогтоосон сонирхолтой татварын тогтолцооны үр дүнд, спорт, эрүүл мэнд, боловсролын салбарынхан хөрөнгө татах зорилгоор олон нийтийн ажлуудыг идэвхтэй хийж эхэлсэн. Мөн биеийн тамир спортын чиглэлээр зарцуулсан дэмжлэгүүдийг татвараас нь хасаж тооцдог хөнгөлөлтийн систем бүрдүүлж өгсөн байгаа юм. Спортод оруулсан нэг евро эрүүл мэндэд оруулсан дөрвөн евротой тэнцэнэ. Үүгээр спортод хөрөнгө оруулахын ач холбогдлыг маш тодорхой хэлж өгч байгаа юм. Эдгээр сайн туршалуудыг бид эх орондоо хэрэгжүүлж, эрх зүйн хувьд зохицуулах бүрэн боломжтой.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.