| | USD/MNT 0₮

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДДЭГ ЭТГЭЭД ЭХНЭРИЙНХЭЭ ХОЁР НҮДИЙГ СОХОЛЖЭЭ

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас охид эмэгтэйчүүд бие махбод болон эрүүл мэнд цаашлаад амь насаараа хохирох тохиолдол гарсаар байна.

Энэ сарын дундуур Хэнтий аймгийн Бэрх тосгоны уурхайд эхнэрийнхээ нүдийг сохолсон жигшүүрт хэрэг гарчээ. Тодруулбал, 63 настай эрэгтэй Б.Батсуурь гэгч нь 50 настай эхнэр О-гийн нүдийг сэрээгээ хатгаж сохолсон аймшиг хэрэг үйлджээ. Хохирогчийн биеийн байдал тааруу Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаад, өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт авчирч, улсын Нэгдүгээр эмнэлэгт нүдний хагалгаанд орж, амь нас нь аврагджээ.

Хохирогч эмэгтэй эгчийн хэлснээр “Сэжигтэн этгээд нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг. Өмнө нь 2015 онд дүүгийн минь хамрыг огтолж, нэг нүдийг нь сохолсон учраас хорих ял эдэлсэн байсан. Харин өнгөрсөн сул суллагдаж ирээд хамт амьдарч эхэлсэн. Дүүг минь шоронд явуулсан гэж байнга өширхөж зодож зовоодог болсон. Тэгэхдээ олон хоногоор гэрт нь цоожилчихоод явчихдаг байсан. Миний дүүг унтаж байхад нь дээр нь мордож суугаад нүүрийг нь цохиод дараа нь сэрээгээр нүдийг нь ухсан байгаа юм. 

Манай дүү ярихдаа байнга хутга юмуу сэрээ өвөртөлж, барьж явдаг. Хэд хэдэн удаа дүүгээ салгаж авч байсан ч нөхөр нь ирээд гуйдаг, элдэв янзаар гуйж аргадаж байгаад аваад явчихдаг байсан. Нөхөр нь архины хамааралтайгаас гадна ааш араншингийн хувьд туйлын хүнд хүн. Миний дүүгийн бөөрийг хүртэл хутгалж байсан нэгэн. Энэ хоёр хамт амьдраад 10 гаруй жил болж байна. Дундаасаа хүүхэдгүй. Нөхөр нь өмнө гэр бүлтэй байсан, гурван хүүхэдтэй. Эхнэрээ бас зодож зовоодог байсан учраас салсан юм билээ. Миний дүү бол ганц хүүтэй.

Дүүг минь нүдгүй болчихсон юм шиг байна гэсэн мэдээллийг Бэрх тосгоны таньдаг хүнээсээ утсаар сонссон. Дүү маань миний утсыг хэлж өгөөд яриулсан юм билээ. Тэгээд би Хэнтий аймгийн цагдаагийн газар руу утасдаж, сэжигтэн этгээдийг бариулж хориулсан. Гэвч хоёр хонуулаад сулласан байна билээ. Түүний ар гэрийнхэн нь хууль хяналтын байгууллагад нөлөөлөөд байна уу гэж харж хардаж байгаа.

Өмнө ч гэсэн удаа дараа цагдаагийн байгууллагад хандахаар ерөөсөө шалгахгүй, элдэв шалтаг хэлээд явуулчихдаг. Тиймээс энэ хэргийг Улаанбаатар хот руу татаж авч шалгуулах гэсэн юм. Миний дүүгийн бие хүндэвтэр байгаа. Байнга таталт өгдөг. Одоо хоёр нүдгүй, хорвоог харах ямар ч боломжгүй  болчихсон. Иймэрхүү гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг этгээдүүдэд тооцох хуулийн хариуцлагаа чангатгахгүй бол ханилсан ханиа зовоож зодож тарчлаадаг олон хүн энэ нийгэмд байхыг үгүйсгэхгүй” гэсэн юм.

Одоогоор энэ хэргийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа юм байна.

Хэнтий аймгийн Бэрх тосгонд гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг этгээд эхнэрийнхээ нүдийг сохолсон жигшүүрт хэрэг гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (23)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.