| | USD/MNT 0₮

“ЖДҮ-чин Ж.Энхбаяр “Монгол тэмүүлэл” сургуулийг дээрэмдэж байна" гэв

 

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Кембрижийн хөтөлбөртэй “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдын эцэг, эхийн төлөөлөл өнөөдөр Сүхбаатарын талбай болон Төрийн ордны гадаа жагсаал зохион байгууллаа.

Тэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон холбогдох албаны хүмүүст сургуулийн байраа эргүүлж авах талаар шаардлага хүргүүлсэн юм.

Кембрижийн хөтөлбөртэй Төрийн өмчит “Монгол Тэмүүлэл” сургууль анх 2017 онд өөрийн эзэмшлийн байрандаа үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Тухайн үед Нийслэлийн Ерөнхий боловсролын 133-р сургуулийг хичээлийн байрны асуудал шийдэгдтэл "Монгол Тэмүүлэл" сургуулийн 1, 2-р давхарт түр хугацаанд байрлуулах шийдвэр гаргасан байна.

Ингэхдээ хүүхдийн тоог 450-аас хэтрүүлэхгүй гэсэн шаардлагыг тухайн үеийн сайд тавьсан бөгөөд үүнийг тус сургууль хүлээн зөвшөөрчээ.

Гэтэл өнөөдөр Ерөнхий боловсролын 133-р сургууль 2000-аад сурагчтай болж, ачааллаа нэмэгдүүлснээр барахгүй "Монгол тэмүүлэл" сургуулийг энэ оны аравнэгдүгээр сарын 2-ны дотор өмчийн байраа чөлөөлж өгөхийг шаардсан байна. Ингээд сургуулийн байраа буулгуулахаар болсон “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчид Худалдаа Үйлдвэрлэлийн Их сургуулийн байранд түр байрлахаар болоод байгаа аж. Энэ газарт нь хүүхэд сурах орчин байхгүй, бар караоке ихтэй байдаг тул сурагчдад сурах боломж байхгүй гэв.

Тиймээс энэ үйлдлийг эсэргүүцэж эцэг эхчүүдийн төлөөлөл уриа лоозон барьж жагслаа.

Эцэг эхийн төлөөлөл “Өнгөрсөн тавдугаар сарын эхээр УИХ-ын дарга Г.Занданшатарт, УИХ-ын НББСШУ-ын Байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Амарсайхан, салбарын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй албаны төлөөлөгчид сургуулиудын нөхцөл байдалтай танилцсан. Үүний дараа 133 дугаар сургуулийн газрын асуудлыг шийдвэрлэж өгсөн. Өнөөдрийн байдлаар 20-30 хувьтай явж байна. Ирэх жилийн хичээлийн шинэ жил гэхэд ашиглалтад орчихно. Гэтэл “Монгол тэмүүлэл” сургуулийг байрнаас нь хөөж, ЖДҮ-чин Ж.Энхбаяр хороондоо сургууль барьж өгсөн мэт харагдаж бэлэн байрыг булаах гээд байгаа нь шударга ёс  мөн юмуу. Үүнийг бид нар эсэргүүцэж байна” гэв.

Ж.Энхбаяр гишүүн сонгууль угтаж шоу хийгээд байна

Эцэг эхийн төлөөлөл Ж.Одончимэг “Монгол тэмүүлэл сургууль 2007 онд байгуулагдсан. Өөр сургууль дээр байрлаж байгаад 2017 онд өөрийн байрандаа нүүж ирсэн. 2017 онд тухайн дүүргийн 26 дугаар хорооны 133 дугаар сургууль манай “Монгол тэмүүлэл” сургуулийн 1, 2 дугаар давхрыг түрээсэлж 660 хүүхдээ сургана гэж орсон байдаг. Хоёр жилийн дотор хүүхдүүдийн тоо огцом нэмэгдэж өнөөдрийн байдлаар 1200 гаруй хүүхэд сурч ачаалал нэмэгдсэн байна гээд манай сургуулийг өөр сургуулийн коллеж руу нүүлгэх гээд байна. Хууль дүрмээрээ бол Боловсролын сайдын тушаал, Төрийн өмчийн хорооны тогтоолоор бол “Монгол тэмүүлэл” сургуулийн өмч. Гэтэл энэ өмчийг нь ЖДҮ-чин гишүүн Ж.Энхбаяр тойргийнхоо хүүхдүүдийг сургуультай, цэцэрлэгтэй болгоно гэсэн ч өнөөдрийг хүртэл байхгүй. Тэгсэн хэрнээ бэлэн байгаа сургуулийг минь дээрэмдэж авч тойргийн хүүхдүүдээ оруулах гээд байна уу даа гэсэн хардлага төрж байна. Сонгууль угтаж, шоу хийхийн тулд “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдыг байрнаас нь хөөж байна. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн болж харагдахын тулд бэлэн байгаа төрийн өмчит сургуулийг дээрэмдэж тойргийн хүүхдүүдээ оруулах гээд байна.

“Монгол тэмүүлэл” сургууль өнөөдрийн байдлаар 260 хүүхэдтэй бүрэн чадлаараа бол 600 гаруй хүүхэд авах хүчин чадалтай. Гэтэл нэг хоёрдугаар давхарт нь өөр сургуулийн хүүхдүүд байгаа болохоор хүүхдээ нэмж чадахгүй байна.

С.Амарсайхан дарга ажлаа хийгээгүй байна. Тэнд орон сууц барих өчнөөн компанийн зөвшөөрөл өгсөн хэрнээ ганц сургууль, цэцэрлэг барих зөвшөөрөл өгчихөж болдоггүй юм уу. Тэгээд баахан орон сууц баригдсан. Үүнээс болж хоёр сургуулийн эцэг эхчүүд хоорондоо талцаж муудалцаж байна” гэв.

“Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчид түрээсийн байранд хичээллэж чадахгүй

Т.Гантуул “Хамгийн ноцтой зүйл бол "Монгол тэмүүлэл" сургуулийг эзэмшлийн байрнаас нь гаргаад түрээсийн байранд оруулж байгаа явдал. Энэ бол төрийн мөнгө иддэг хэдхэн хүний арга зам. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан үүнийг анхааралдаа авах хэрэгтэй. Дээр нь 26-р хорооноос УИХ-д сонгогдсон, бидний сайн мэдэх ЖДҮ-чин Ж.Энхбаяр цаана нь холбоотой. Энэ хүн уг тойргоос дахин сонгогдох аргаа хайж, иргэдийн итгэлийг татахын тулд ийм үйлдэл хийж байна. Тэгэхээр төсвийн мөнгө яаж идэж, уудаг алтан жишээ яг л энэ сургууль дээр хэрэгжээд байгаад үнэхээр харамсалтай байна. Үүнийг шийдэж өгөхийг бид шаардаж жагсаж байна даа” гэсэн юм.

 

О.Гал 

 

“Монгол тэмүүлэл” сургууль өнөөдрийн байдлаар 260 хүүхэдтэй бүрэн чадлаараа бол 600 гаруй хүүхэд авах хүчин чадалтай. Гэтэл нэг хоёрдугаар давхарт нь өөр сургуулийн хүүхдүүд байгаа болохоор хүүхдээ нэмж чадахгүй байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.