| | USD/MNT 0₮

Го Сон Хун: Rain надаас монголчууд ажилдаа явахдаа морь унаж явдаг уу? гэж асууж байсан

Дуучин, жүжигчин Жон Жи Хун буюу Rain, 2ne1 хамтлагийн гишүүн Сандара Пак буюу Дара, Bloo нар  "Super Concert" тоглолтод уран бүтээлээ толилуулахаар манай улсад хүрэлцэн ирэх гэж байгаа талаар зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл өглөө.

"Super Concert" есдүгээр сарын 15-ны өдөр Hit Park-д болох бөгөөд тасалбар хосын, шүтэн бишрэгчийн, энгийн, VIP, VVIP гэсэн төрлөөр борлуулагдаж байгаа юм байна.

Уг уран бүтээлчид Солонгос-Монголын хамтарсан хамгийн анхны бөгөөд албан ёсны энтертайнмент "Evandis" компанийн урилгаар монгол ирж байгаа аж.  Тус энтертайнмент компани нь хамгийн анх хоёрдугаар сард БНСУ-ын алдарт дуучин жүжигчин Ким Хён Жун болон дуучин MC SNIPER, BLOO нарын хамтарсан "Your valentine" тоглолтыг зохион байгуулсан юм.

Ирэх жил мөн солонгосын болон олон улсын томоохон одуудыг монголд урьж тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд дараа жил хийх тоглолтуудынхаа төлөвлөөг гаргасан зохион байгуулалтаа хийгээд эхэлсэн байгаа юм байна. Энэ удаагийн тоглолтыг олон улсад Монголыг сурталчилсан томоохон цар хүрээтэй зүйл болох болно гэж харж байгаа аж.

"Хамгийн чухал зүйл бол монголыг сурталчлах юм"

Evandis Entertainment -ын үүсгэн байгуулагч John Ко( Го Сон Хун ) "Эдгээр алдартнуудыг монголд авчирна гэдэг амаргүй ажил байсан. Гэхдээ хамгийн чухал зүйл бол монголыг сурталчлах юм. Солонгос уран бүтээлчдийг буцахад нь монгол улс маш гоё угтсан гэдэг сэтгэгдлийг үлдээх нь чухал.

Rain надаас "Танай монголчууд ажилдаа явахдаа морь унаж явдаг уу?" гэж асууж байсан. Тэр нь тоглож асууж байгаа зүйл биш үнэхээр л жинхэнээсээ асууж байсан. Энэ асуултаас үүдээд би солонгост байгаа маш олон уран бүтээлчид монголыг сайн хөгжсөн гэдгийг ерөөсөө мэдэхгүй байгаа юм байна гэдгийг ойлгосон.  Иймд манай энтертайнментын тавьсан хамгийн гол зорилго бол монголыг маш сайн сурталчлах, бүрэн утгаар нь танилцуулаад явуулах юм. Түүнчлэн солонгос уран бүтээлчдэдээ монголын сайхан нутгуудыг үзүүлнэ.

Энэ тоглолт маш сайн болж байж цаашлаад солонгосын олон уран бүтээлчдэд монголын өнөөгийн хөгжил, соёлыг таниулах анхны шат болох юм" гэв.  Солонгос гурван уран бүтээлч есдүгээр сарын 14,15-ны өдрүүдэд гурван багт хуваагдаж ирэх ба буцах өдөр товлогдоогүй байгаа юм байна. Тоглолтод Монгол уран бүтээлчдээс дуучин УКА, Magnet Brain, DIOD хамтран оролцох аж.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.