| | USD/MNT 0₮

Д.Халзан: Хүүхдүүд гадаа, эрүүл агаарт волейболын спортоор хичээллэснээр чийрэгжих ач холбогдолтой байдаг

Зуны улиралд гэрийнхээ гадаах сагсны талбайд хүүхдүүдэд гар бөмбөгийн хичээл заадаг Д.Халзан багшийг бид энэ удаад онцоллоо. Тэрбээр 18 настайгаасаа хойш волейболын спортоор хичээллэж, улсын шигшээ багын гишүүн болж 10 жил улс орныхоо нэрийн өмнөөс үндсэн тоглогчоор тоглож байжээ. Үүний дараа волейболын улсын шигшээ багын дасгалжуулагчаар 15 жил ажиллаад тэтгэвэрт гарсан байна. Одоо 79 настай Д.Халзан багш тэтгэвэрт гарсан ч өөрийн хайртай спортыг хүүхдүүдэд сайн дураар заах дуртай гэж хэлж байлаа.

-Та хэзээнээс эхэлж, хүүхдүүдэд гадаа талбайд волейбол заадаг болсон бэ?

-Энэ хичээлийг заагаад хоёр жил болж байна. Би насаараа энэ спортын багш дасгалжуулагчаар ажиллаж, хоолоо олж идсэн. Хэдийгээр би тэтгэвэрт гарсан ч гэрийнхээ ойролцоох  хүүхдүүдэд зуны улиралд гадаа гар бөмбөгийн дугуйлан нээж ажиллаж байна. Монгол гуравдугаар сургуулийн хоёрдугаар 84  гэх байрны ард байрлах сагсны талбайд заадаг юм. 

“ӨГЛӨӨНИЙ 08 ЦАГААС 10 ЦАГИЙН ХООРОНД ХИЧЭЭЛЭЭ ЗААДАГ”

-Хичээлийн цагийн хуваарийг танилцуулна уу? Хэдэн цагт эхэлдэг вэ?

-Би хичээлээ гадаа заадаг учир зуны халуунд хүүхдүүд нарших эрсдэлтэй. Иймд өглөөний 08 цагаас 10 цагийн хооронд хичээлээ заадаг. Зарим нөхцөлд борооноос болж завсарлах хэрэгтэй байдаг. Ажлын таван өдөр нэг сарын хугацаанд заадаг юм. Ер нь гадаа задгай талбайд, агаарт гар бөмбөгийн дугуйлан явуулах хамгийн үр дүнтэй байдаг. Эрүүлжүүлэх чийрэгжүүлэх ач холбогдолтой байдаг юм.

-Та хэдэн онд тэтгэвэрт гарсан бэ?

-Би 2007 онд тэтгэвэрт гарсан. Дараа нь дөрөв таван жил сургуульдаа зөвлөх багшаар ажилласан.

“МИНИЙ ДУГУЙЛАНД 20 ОРЧИМ ШАВЬ ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА”

-Таны хичээлд одоо хэдэн хүүхэд хичээллэдэг вэ?

Миний дугуйланд 20 орчим шавь хичээллэж байна. Анхан шат, дунд шат гэж хоёр хуваан хичээллэж байна. Волейболын талбай Улаанбаатар хотод их бага байдаг. Торлосон хашаанд тоглохгүй бол бөмбөг хол явчихдаг. Иймд хот хөдөөгүй, спортын зориулалтын хашаа дутагдаж байна. Үүнийг хариуцах байгууллагууд анхааралдаа авах хэрэгтэй. Тэгж байж хүүхдүүд чөлөөт цаг аа зөв боловсон өнгөрүүлж, чийрэг биетэй болж өсөн торних нөхцөл бүрдэнэ шүү дээ.

-Цаашдаа энэ хичээлээ та үргэлжлүүлэн заах уу?

-Ихэвчлэн манай гэрийн ойролцоох хорооны хүүхдүүд миний дугуйланд хамрагддаг. Боломжтой бол жил бүр зуны улиралд сарын хугацаатай хүүхдүүдэд волейбол заамаар байдаг. Энэ хүүхдүүдэд волейболын спортод дуртай, сонирхолтой болгох зорилгоор би зааж байна.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

 

                                                                                                    Сэтгүүлч: А.Булганчимэг  

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.