| | USD/MNT 0₮

ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН ТӨВ БАНКНААС ГАРГАСАН ЗЭЭЛ ТӨЛӨЛТИЙГ ХОЙШЛУУЛАХ ШИЙДВЭРИЙГ БАНКУУД СУДАЛЖ БАЙНА

Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт Зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг 90 хоногоор хойшлуулах, чанаргүй зээлийн ангилалд бүртгэхгүй байх хугацааг 6 сараар тогтсон.

Гэвч уг шийдвэр гарснаас хойш тав хоногийн хугацаанд банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл болон зээлийн хүүгээ төлөхийг шаарджээ. Иргэдийн хувьд гурван сарын хугацаанд зээл, зээлийн хүүгийн төлөлтийг хойшлуулах Засгийн газрын шийдвэр гарсан гэдгийг банкны эдийн засагчид учирлаж хэлэхэд хүлээж авахгүй “Манай банкинд тийм шийдвэр албан ёсоор ирээгүй. Зээлээ, зээлийн хүүгээ төл алданги тооцно” хэмээн дарамталж загнаж шахаж шаардаж байгаа талаар иргэд хандсан юм.

Нөгөөтэйгүүр энэ зээл төлөлтийг хойшлуулах талаар тодорхой мэдээлэл иргэдэд алга. Засгийн газраас өвчнөөр далимдуулж шоу хийлээ гэсэн шүүмжлэлийг хэлж байна. 

Уг нь Засгийн газрын шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар танилцуулахад зээлдэгч нар 90 хоног цаашлаад 180 хоног санаа амар байж болох юм гэсэн ойлголттыг олон нийтэд төрүүлсэн. Гэвч хөрсөн дээрээ буугаагүй бодит бус Засгийн шийдвэрт иргэд зөв хариулт нэхэж, хаанаас тодруулахаа мэдэхгүй байна.

Монголбанкны зүгээс болохоор зээлийн ангилал эргэн төлөлтөд түр хугацаагаар өөрчлөлт оруулсан. Үүнд:

1.“Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д:

а. Ипотек, цалин, тэтгэвэр болон бусад хэрэглээний зээл хэлбэрээр иргэнд олгосон зээлд тогтоох хугацааны ангиллыг “Хэвийн” зээлийн хувьд 15 хүртэлх хоног байсныг 90 хүртэлх хоног болгож, “Анхаарал хандуулах” зээлийн хувьд 91-120 хүртэлх хоног, “Чанаргүй” зээлийн хувьд 121-ээс дээш хоног байхаар тус тус тогтоож мөрдөх;

б.Хэрэглээний болон бизнесийн зээлийн бүтцийг өөрчилж, холбогдох гэрээнд өөрчлөлт оруулсан тохиолдолд уг зээлийг журмын дагуу бүтэц өөрчлөгдсөн активт тооцохгүйгээр, эцсийн ангиллыг хэвээр тогтоох;

в. Хэрэглээний зээлд 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар тогтоосон чанарын ангиллыг тушаал мөрдөгдөх хугацаанд хэвээр мөрдөх;

2.“Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-д:

а. Өөрийн хөрөнгийг хамгаалах нөөц зөрчигдөхөд авч хэрэгжүүлэх арга хэмжээг түдгэлзүүлэх;

б. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг 20 хувиар тогтоох;

3. Дээрх зохицуулалтын хугацаа дуусах үед дээрх журмуудыг ердийн зохицуулалтын дагуу мөрдөхөөр шийдвэрлэлээ.

Эдгээр зохицуулалт нь Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнээс үүдэн зээлийн эргэн төлөлтөө хийхэд хүндрэл учирч буй зээлдэгчид нь зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг хэвээр үлдээж, Зээлийн мэдээллийн санд ангилал бууруулж мэдээлэхгүй байх боломжийг бүрдүүлж байна. Энэхүү арга хэмжээг авснаар зээлийг эргэн төлөх үүрэг алга болохгүй бөгөөд зээлдэгчдээс үнэхээр хүндрэл гарсан бол зээлдүүлэгч банктайгаа холбогдон зээлийн үйлчилгээний төлбөрийг хойшлуулах, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргах боломжтой гэсэн юм.

Гэтэл арилжааны банкууд зээлтэй иргэдээ дарамталж “Дээрээс тийм үүрэг чиглэл ирээгүй” гэсэн шалтгаанаар зээлээ төлөхийг шахаж шаардаж байгаа нь нөгөө талаар дарамт болж байгаа талаар хэлж байна. Иргэд рүү банкнаас залгаж “Зээлээ төл. Зээл төлөхгүй гэсэн шийдвэр гараагүй” гэсэн байна.

Тэгвэл зээл төлөлт хойшлох шийдвэр хэзээ хэрэгжих талаар ХААН банкны Олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Монголбанкнаас албан бичиг ирсэн байгаа. Бид тэр тушаалын дагуу судалж байна. Дотоод зохицуулалт хийж байна. Удахгүй шийдвэр гарчих байх” гэлээ. Бусад арилжааны банкууд ч мөн судалж байгаа ажээ.

Тэгвэл зээл төлөлт хойшлох шийдвэр хэзээ хэрэгжих талаар ХААН банкны Олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Монголбанкнаас албан бичиг ирсэн байгаа. Бид тэр тушаалын дагуу судалж байна. Дотоод зохицуулалт хийж байна. Удахгүй шийдвэр гарчих байх” гэлээ. Бусад арилжааны банкууд ч мөн судалж байгаа ажээ.
Эдийн засаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.