| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: Сургууль, цэцэрлэгийн хөл хориог 4-р САРЫН 30-ныг дуустал сунгалаа

Гуравдугаар сарын 30-ныг хүртэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон. Уг шийдвэрийг сунгах эсэхийг судлах үүргийг БСШУСЯ-нд өгсөн бол Эрүүл мэндийн яамнаас "Дөрөвдүгээр cарын 30-ныг хүртэл сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах нь зүйтэй гэж үзэж байна. Гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манайд улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ" гэж үзсэн.

Уг шийдвэртэй холбогдуулан Боловсролын яам саналаа өргөн барьж, Улсын онцгой комиссоор хэлэлцүүлж дуусчээ. Ингээд дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл дахин сунгахаар болсон байна.

Тодруулбал, бүх шатны боловсролын байгууллагуудын хөл хорионы дэглэмийг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгалаа. Мөн Улс хоорондын нислэг, хилийн боомтуудын зорчих урсгал, галт тэрэгний зорчих хөдөлгөөнийг ижил хугацаагаар сунгахаар болов. Улс хоорондын ачаа тээврийг халдвар хамгааллын нарийн дэглэмийн дор цагдаагийн байнгын хамгаалалттай  хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, агаарын болон хуурай замын хилээ хааснаас хойш таван удаагийн захиалгат нислэгээр нийт 1024 хүнийг эх орондоо авчирч 14 хоногийн тусгаарлалтад аваад байна. Эдгээр нислэгээр ирсэн иргэдийн тусгаарлалтын хугацаа дууссаны дараа хүндэтгэх шалтгаантай иргэдээ гадаад улс орнуудаас дахин авч ирэхээр захиалгат нислэгүүдийг зохион байгуулна. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбар, ХӨСҮТ-ын хүчин чадал, эмнэлгийн ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдлын нөхцөл, шинэ коронавирусын тархалт, идэвхижил, намдалтын талаархи тандалт судалгааг эрдэмтэн, мэргэжилтнүүдээр хийлгэхээр болов.  

Дэлхийн улс орнууд хилийн боомтоо хааж, нислэгээ зогсоож, их дээд сургуулийн үйл ажиллагаагаа зогсоосонтой холбоотойгоор гадаад дахь Монгол оюутнууд, иргэд эх орондоо олноороо ирэх хүсэлт гаргасаар байна. ОХУ-ын их дээд сургуулиуд оюутнуудаа байрнаас нь гаргаж байгаатай холбоотой ОХУ-тай хиллэдэг хилийн боомтууд тэр дундаа Цагааннуур, Алтанбулаг боомтоор автомашинаар оюутнууд болон гуравдагч орноос дамжин ирж байгаа иргэд орж ирсээр байна. Энэ нь хилийн боомтуудад тусгаарлах үйл ажиллагааг хүндрүүлэх, хүн хүч дутах байдалд хүргэж, халдвар тээгч орж ирэх өндөр эрсдэл үүсгэж байгаа учир тусгай арга хэмжээ авах нь зүйтэй гэдгийг ХХЕГ-аас мэдээллээ. Иймд өөрийн орны иргэдийг хүлээн авах хилийн боомтуудын тоог цөөлж зорчих урсгалыг зөвхөн Алтанбулаг боомтоор хийх нь зүйтэй гэдэг дээр Улсын Онцгой комиссын гишүүд санал нэгдэж Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхээр болов.

ШУУД ҮЗЭХ: .

ШУУРХАЙ: Сургууль, цэцэрлэгийн хөл хориог 4-Р САРЫН 30-ныг хүртэл сунгалаа
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.