| | USD/MNT 0₮

Солонгосын батарейны үйлдвэрт гарсан дэлбэрэлтээс болж 22 хүн амь насаа алдсан ба үүнээс 18 нь Хятад ажилчид байжээ

Даваа гарагт 2024.06.24 Өмнөд Солонгосын литийн батарейны үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болсны дараа гал гарч, наад зах нь 22 хүн амиа алдаж, 8н хүн шархадсан байна. Амь үрэгдэгсдийн 20 нь гадаадын ажилчин, түүний дотор Лаосын нэг хүн, нэр нь тодорхойгүй нэг хүн, БНХАУ-ын 18 хүн байсныг гал түймрийн албаныхан тогтоожээ.

Нийслэл Сөүлээс баруун өмнө зүгт 90 орчим минутын зайд орших Хвасон дахь томоохон аж үйлдвэрийн бүсэд байрлах батарей үйлдвэрлэгч “Aricell”-ийн үйлдвэрт гарсан галыг дөрвөн цаг гаруйн дараа бүрэн унтраасан бөгөөд сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг орон нутгийн гал сөнөөгчид мэдэгдэв.

Орон нутгийн гал сөнөөгч Ким Жин Ёны мэдээлснээр агуулахад байсан 35,000 орчим ширхэг батарейны хэд хэд нь дэлбэрсний дараа гал эхэлсэн байна. Юунаас болж дэлбэрэлт болсон нь тодорхойгүй хэвээр байгаа аж.

Үйлдвэрийн ажилчдын дунд гадаадын иргэд байгаа бөгөөд үйлдвэрт бүтэн цагаар болон цагаар ажилладаг байсан аж.

Дэжон их сургуулийн Гал түймэр, гамшгаас урьдчилан сэргийлэх профессор Ким Жэ Хо гал түймэр хэт хурдан тархсан тул ажилчид зугтаж чадаагүй байх магадлалтай гэж үзэж байна.

“Никель гэх мэт батарейны материалууд шатамхай. Бусад материалаас үүдэлтэй гал түймэртэй харьцуулахад хариу арга хэмжээ авах хангалттай хугацаа байдаггүй.”Ерөнхийлөгч Юн Сук Ёол нөхцөл байдлыг ажиглаж байгааг түүний ажлын албанаас мэдээлсэн бол Дотоод хэргийн сайд Ли Санг Мин орон нутгийн эрх баригчдад хүрээлэн буй орчныг аливаа аюултай химийн бодист бохирлогдохоос урьдчилан сэргийлэхийг уриалав.

2020 онд байгуулагдсан “Aricell” нь мэдрэгч төхөөрөмж болон радио холбооны төхөөрөмжүүдэд зориулсан литийн батарей үйлдвэрлэдэг бөгөөд албан ёсны бичиг баримтын дагуу 48 ажилтантай байна.

Тус компани Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлд бүртгэлгүй боловч компанийн дийлэнх хувийг “S-Connect” гэх компани эзэмшдэг. Харин “S-Connect”-ийн хувьд “Junior Kosdaq” индекст бүртгэлтэй бөгөөд хувьцааных нь ханш 22.5%-иар буурсан байна.

 

Дэлхий дахинд

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.