| | USD/MNT 0₮

М.Халиунаа: Миний төрөлх зан араншин цагдаагийн мэргэжилтэй минь нийцдэг учир энэ ажлыг сонгосон

Цагдаа гэдэг хуулийн дагуу хүн бүрийн халдашгүй эрхийг хамгаалах үүрэгтэй нэн чухал мэргэжил билээ. Иймд энэ удаад бид шинэхэн эмэгтэй цагдаа М.Халиунаатай уншигч та бүхнийг уулзуулахаар боллоо. Тэрбээр, 2019-2023 оны жилүүдэд Дотоод хэргийн их сургуульд Цагдаагийн эрх зүйн мэргэжлээр сурч төгссөн аж. Түүний хувьд одоогоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилладаг юм. Анх ажлын гараагаа СХД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажиллаж эхэлсэн байна. Мөн 2015 оноос хойш Жудо бөхийн спортоор хичээллэж гадаад дотоодын тэмцээнд амжилт гаргаад амжжээ.

-Дотоод хэргийн Их сургуульд анх орсон түүхээ уншигчдад хуваалцана уу? Ер нь яагаад цагдаа болохыг зорьсон бэ?

-Би багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Мөн миний төрөлх зан араншин энэ ажилтай минь сайн нийцсэн учир энэ мэргэжлийг сонгосон гэж бодном. 2019 онд Дотоод хэргийн сургуульдаа элсэж орох гээд хамгийн анх сургуулийн байрлалд ирсэн. Улмаар ямар ч цэргийн мэдлэггүй хүүхдүүд зохион байгуулалт мэдлэг байхгүй. Тэгээд биднийг жагсаагаад зогсоочихсон. Үүрэг тавьж байсан. Гэр бүлийнхэн нь хашааны ард хараад зогсчихсон. Эхнээсээ цагдаагийн сургуульд сурна гэдэг тийм амар ажил биш. Сураад төгсөнө гэдэг бүр амаргүй гэж хэлсэн. Тэр үедээ би ойлгоогүй. Ямар сургуульд орчхов оо л гэж бодож байсан.

- Охид гээд ангийн найзууд нь зөөлөн хандах тохиолдол бий юу?

-Манай анги зургаан охин 25 н залуутай сурдаг байсан. Яг л адилхан хий гэснийг л хийгээд л өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээд сурдаг байв. Заримдаа бид нар шийтгүүлнэ. Жагсаалын талбайг тойрч гүйнэ. Охид нь юпкатай хамгийн ард нь дагаад л гүйж байгаа юм. Охид нь зүгээр зогсчхож болно шүү дээ. Тэднээс дутахгүй гээд л шартай дагаад л гүйнэ.

АЖИЛЛАЖ БАЙХ ЯВЦДАА ХҮН ДАВХАР СУРАЛЦААД Л ЯВЧИХДАГ ЮМ БИЛЭЭ

-Сургуульд сурч байх үедээ ажлын байр дээрх ээ төсөөлсөн бодол тань зөрчилдсөн болов уу?

-Яг ажил дээр гараад шал өөр л байдаг юм билээ. Ажиллаж байх явцдаа хүн давхар суралцаад л явчихдаг юм билээ. Би чинь бас нулимас ойрхон хүн. Уйлах шантрах үе гарч байсан. Гэхдээ дэмжих хамт олон ах, эгч нар сайн дэмжиж тусалдаг болохоор хурдан сайн суралцаж чаддаг.

-Мөн Жудогийн спортын тэмцээнээс авсан онцлох амжилтаа дурдана уу?

Миний хувьд 2015 оноос Женко клубт харьяалагдаж Жудо, Самбо бөхөөр хичээллэж тэмцээн уралдаанд орж эхэлсэн. 2019 онд Жудо бөхөөр залуучуудын улсын аваргад -63 кг түрүүлж байсан. 2020 онд насанд хүрэгчдийн УАШТ-д мөнгөн медаль авч байсан. Зүүн Азын аваргаас хүрэл медаль хүртэж байв. Хамгийн анх жингээ хасах гээд 52т орох гээд нэг килограмм илүү байсан. Тухайн үедээ хөлсөө яаж гаргах аа мэдэхгүй. Эгч нарын заавраар дасгал хийгээд баахан зузаан хувцас давхарлаад өмсчихсөн байсан. Тэгээд би бие засаад ирсэн чинь  хөлсөө гаргаж жингээ хассанаас илүү хасчихсан байв.

АЖИЛ ДЭЭР ТЭВЧИШГҮЙ АСУУДЛУУД, ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛ БИЙ. ҮҮНИЙГ ДАВАН ТУУЛАХ СЭТГЭЛ ЗҮЙГ СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЖ СУРСАН”

-Жудогийн спортын тамирчин байх нь цагдаагийн ажил хийхэд давуу тал нь юу байгаа бол?

-Одоо жинхэнэ ажил дээр минь спортоор хичээллэсний давуу тал гарч байгаа. Ажил дээр үнэхээр тэвчишгүй асуудлууд, хүндрэл бэрхшээл бий. Үүнийг даван туулах сэтгэл зүйг спортоор хичээллэж сурсан.

-Мөн цагдаагийн алба хашхад тань ямар үнэ цэнэ, зарчим баримталж ажилладаг вэ?

-Миний хувьд цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа үнэ цэнэ гэвэл хүн бүр халдашгүй дархан байх эрхтэй. Энэ эрхийг зөрчиж байгаа үйлдлүүд дээр тодорхой хуулийн дагуу арга хэмжээ авагдана. Үүнд гэхээс илүү гэмт хэрэгтэнд ийм үйлдэлд хийх нь ямар үр дагавартай гэдгийг ойлгуулах, дахиж хэрэг үйлдэхгүй байх зүйлийг баримтлах гэж хичээдэг. Бид бүгд л хүн шүү дээ.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

Сэтгүүлч: А.Булганчимэг

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.