| | USD/MNT 0₮

Оросууд хориг арга хэмжээг тойрч гарахдаа Монголыг ашиглаж байна гэв

“The Moscow Times” хараат бус мэдээллийн сайт Оросын бизнесмэнүүд олон улсын хориг арга хэмжээг тойрч гарахдаа Монгол улсыг ашиглах болсон талаар өчигдөр мэдээлжээ.

Тухайлбал Хятад, Япон улсуудаас Орос руу бараа импортлох гол зам Монгол улс болсон тухай уг мэдээнд өгүүлсэн байна.

Монголоор дамжих Японы автомашин, Хятадын тоног төхөөрөмжийн импорт эрс нэмэгдсэнийг эх сурвалжууд баталжээ.

Тухайлбал Японоос 1.9 литрээс дээш багтаамжийн хөдөлгүүртэй автомашиныг Орос руу шууд гаргахыг хориглосон бол одоо Монголоор дамжуулан тээвэрлэх болсон гэнэ. Хятадаас шууд авах хориотой болсон аж үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг ч бас ийм замаар авах болжээ.

Хятадын банкууд Оросын компаниудын төлбөр тооцоог гүйцэтгэхээс татгалздаг болсон бол Монголын банкаар дамжуулахад саадгүй байгааг эх сурвалж мэдээлсэн байна.

Гэхдээ доллар, еврогийн төлбөр SWIFT сүлжээгээр дамждаг тул Монголын банкууд SWIFT-ийн Орос хувилбар болох СПФС сүлжээгээр хүлээж авсан рублийг бусад гадаад валют руу хөрвүүлэх замаар ажилладаг гэнэ.

“Валютын хөрвүүлгээс 5 хувийг алддаг нь үнэн хэдий ч бидэнд ашигтай хэвээр байгаа” гэж Оросын бизнес эрхлэгч “The Moscow Times” сонинд ярьжээ.

Одоо Европын Холбоо болон Их Долоогийн бүлгийн орнууд гуравдагч орнуудын банкууд СПФС төлбөр тооцооны сүлжээг ашиглахыг хориглох талаар судалж байгаа юм байна.

Хятадын боомтуудаас Монгол-Оросын хил хүртэл чингэлэг тээвэрлэхэд 10 хонодог бөгөөд энэхүү тээвэрлэлтийг Орос, Монголын аль ч компаниар гүйцэтгүүлж болдгийг нэгэн автомашин импортлогч тус сонинд ярьжээ.

Хил дээр ирсэн чингэлгийг Монгол руу бараа зөөдөг Буриадын ачааны автомашинууд буцахдаа тээвэрлэдэг болсон байна. Тэд өмнө нь хоосон буцдаг байжээ.

“Одоо бүх зүйл өөрчлөгдсөн. Бид буцахдаа дүүрэн ачаатай ирдэг болсон” гэж Улаан Үдийн нэг компанийн төлөөлөгч ярьсан байна.

Үүний үр дүнд Хиагт-Алтанбулагийн боомтоор нэвтрэх автомашины тоо долдугаар сарын нэгэн гэхэд өдөрт 200 болж, жилийн өмнөхөөс гуравны нэгээр өсөх, цаашдаа 350 болж өсөх төлөвтэй байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

“Худалдааны хэмжээ нэмэгдэхийн хэрээр Зүүн Өмнөд Азийн ачаа тээврийн урсгал жилээс жилд нэмэгдэж байна. Замын ачаалал дээд хэмжээндээ хүрсэн тул цаашдаа шинэ замаар өргөжүүлэх шаардлагатай болно” гэж Бүгд Найрамдах Буриад Улсын засгийн тэргүүн Алексей Цыденов ярьсан байна.

Одоо нэгж ачааны автомашиныг хил гаалиар нэвтрүүлэх хугацааг 10 минутаас хэтрүүлэхгүй байх зорилготой ажиллаж буйг тэр бас хэлжээ. Хиагтын орчимд төмөр замын терминал, газрын тосны бааз, чингэлгийн талбай бүхий хоёр том ложистикийн цогцолбор баригдаж байгаа гэнэ.

Улаан-Үдийн нисэх буудал өнгөрсөн онд ачаа тээвэрлэлтийн дээд амжилтаа тогтоосныг тус буудлын захирал Дмитрий Гармаев мэдээлжээ.

Тухайлбал 2022 он хүртэл жилд 2,500-3,000 тонн ачаа тус буудлаар дамжиж байсан бол 2023 онд 14,000 тонн болж нэмэгдсэн байна.

Эх сурвалж: The Moscow Times

Дэлхий дахинд

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.