| | USD/MNT 0₮

Д.Тогтохсүрэн: Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид 126 удаа хуралдаж, 327 асуудлыг хэлэлцсэн

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Өнөөдрийн бүлгийн хурал энэ удаагийн парламентын сүүлчийнх нь. Тиймээс өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлынхаа дүнг хэлэлцсэн байна.

Энэ талаар МАН-ын бүлгээс хэвлэлийн хурал зохион байгуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай бүлэг 126 удаа хуралдаж, 327 асуудлыг хэлэлцсэн. УИХ 2,000 орчим хуулийг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Үүнд манай намын бүлэг голлох үүрэг гүйцэтгэсэн. Бид хамгийн гол нь энэ дөрвөн жилд эв нэгдэл, хариуцлагатай байсан.

Бид Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдээс өргөн барьсан хэлэлцэхээр шийдсэн асуудлаа бүрэн хэлэлцсэн гэж ойлгож болно. Лхагва гарагт УИХ-ын чуулганыг өндөрлүүлж, 50-60 хуулийг эцэслэн батлахаар бэлтгэж байна" гэлээ.

УИХ төсөв батлах бүрэн эрхээ Засгийн газарт шилжүүлсэн хууль баталсан талаар тэрбээр "Түргэн шуурхай шийдэх асуудал олон байдаг. Тиймээс цар тахлын тухай хуулиар зарим эрхүүдийг Засгийн газарт шилжүүлж байсан.

Саяхан малчдын зээлийг хөнгөлөхтэй холбоотой асуудалд гарах санхүүгийн эх үүсвэр дээр зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт шилжүүлсэн. Маш багахан хэмжээний буюу 30-50 орчим тэрбум төгрөгийн хэмжээнд эрх шилжүүлсэн. Түүнээс илүү хэмжээнд байхгүй.

Энэ удаагийн парламент хамгийн сайн ирцтэй байсан. Цагтаа эхэлдэг, хуралддаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүд тойрогт ажилласантай холбоотойгоор 2-3 долоо хоног хугацаа хожимдсон. Манай бүлэгт тааруухан ирцтэй гишүүд байсныг үгүйсгэхгүй" гэв.

Түүнчлэн МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг "Хурууны хээгээр ирц бүртгэдэг болсон нь энэ УИХ-ын хамгийн том дэвшил. Өмнө нь төгөлдөр хуур дарж байна гэдэг шиг миний картыг хийчхээрэй гэж хэлчихэд явчихдаг, алга болчихдог.

Өмнө нь хурал хэзээ ч цагтаа эхэлж байгаагүй. Бид гишүүн болоод гайхдаг байсан. Харин энэ удаагийн УИХ-ын парламент яг 10:00 цагт эхэлдэг болсон" хэмээн ярилаа.

 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.