| | USD/MNT 0₮
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Нэгдүгээрт хүүхэд” уриатай “Дэлхийн Монгол хүүхдүүд” арга хэмжээ 650 гаруй хүүхдийн парадаар эхэлсэн юм. Хүүхдүүд ханхүү, гүнж, торгон цэрэг, дамбо заан, алиалагч, анимэ, үлгэр, хүүхэлдэйн баатруудын дүрд хувирч, үндэсний хувцас, тугтай бүжиг, бөмбөр хөгжмөөр ялгаран "Шангри-ла" худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл алхсан.
Ийн Сүхбаатарын талбайд Монголын хүүхдийн ордны сурагчид үндэсний бүжиг бүжиглэж, Төрийн дуулал дуулснаар талбайн үйл ажиллагаа үргэлжилсэн.
“Дэлхийн Монгол хүүхдүүд” арга хэмжээг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүүхэд багачуудад хүргэв. Тэрбээр мөн “Монгол Улсын хойч үе, гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууд бүхэн өдөр бүр хүүхдийн баяр шиг инээд цалгисан, баяр жаргалтай, сэтгэл дүүрэн гэр бүлд өсөж торних эрхтэй. Нөгөөтээгүүр хүүхдийнхээ эрхийг хангахын төлөө хамтдаа хичээн зүтгэхийг ээж, аавууддаа уриалж байна. “Нэгдүгээрт хүүхэд” уриаг бодитоор хэрэгжүүлэхийн тулд нийслэл хот хүүхдэд ээлтэй хот байх шаардлагатай. Хүүхдэд ээлтэй хот болохын тухайд олон санаачлагыг дэмжин хэрэгжүүлж байна. Тодруулбал, хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилготой “Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийслэлийн хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагуудад 800 гаруй эцэг эхийн зөвлөлийг байгуулахын зэрэгцээ хүүхдийн тоглоомын талбайн стандартын хэрэгжилтийг хангалуулах гэх мэтчилэн хүүхдэд чиглэсэн ажлуудыг тогтмол хийж буй” хэмээв.
Энэ жилийн тухайд Сүхбаатарын талбайд жижиглэн худалдаа, хоол хүнс зэрэг үйлчилгээг хориглож зөвхөн үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдааныг зохион байгуулж буй. Тодруулбал, талбайн зүүн тал буюу “Туушин” зочид буудлын урд хэсэгт худалдаа, хоол хүнсний үйлчилгээг байршуулж, талбайн урд талд байрлах авто машины зогсоолд “Повер экспо” авто үзэсгэлэн болж байна. Мөн Соёлын төв өргөөнд “Хөгжлийн харандаа” танин мэдэхүй, инновацын үзэсгэлэн, Монголын хүүхдийн ордонд “Хүүхдийн ертөнц” фестиваль, Хүй долоон худагт “Монгол хүү” арга хэмжээ, түүнчлэн дүүрэг бүр нутаг дэвсгэртээ арга хэмжээ зохион байгуулсан байгаа юм.