| | USD/MNT 0₮
Улс төрийн парламентанд МАН олонхи болоод найман жил болж байна. Улс төрчдийн хулгай луйвар нь нийгэмд ил болж хулгайчдаас залхсан иргэд хүчтэй чадалтайхан сөрөг хүчинг үгүйлж байна. Гэвч одоогийн АН-ын байж байгаа царай. Сөрөг хүчин болох нь байтугай дотоод асуудлаа ч шийдэх чадамжгүй. Угтаа бол парламент гэдэг иргэдийг төлөөлж тэдний өмнөөс хууль тогтоодог байгууллага. ГЭВЧ АН-д боловсорсон кандидат одоог хүртэл харагдахгүй байна.
Тамгагүй намтай, гэрчилгээгүй гараатай ЛУ. ГАНТӨМӨР АН-ЫН ДАРГЫН СУНГААНЫ ҮЕЭР “АН ЗАХ ЗЭЭЛД ЧИГЛЭСЭН, ЭВТЭЙ ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ БОЛНО” ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЖ БАЙЛАА. ГЭТЭЛ ХЭДХЭН ХОНОГИЙН ӨМНӨ ҮБХ-НЫ ХУРАЛ ДЭЭРЭЭ ЗОДООН ЦОХИОН ХИЙЖ ТҮМНИЙ ШИВШИГ БОЛОВ.
Нанчилдаангүй найрыг найранд тооцохгүй гэдэг шиг АН-ынхан хуралдахаар хэрүүл, хэлцэл хоёр нь уралдаж явдаг нь жам. МАН-ын хурал болохоор хөлдөө пүрштэй юм шиг намс намс алхаж, нахис нахис мэндэлсэн хөх гонжоом, улаан зангиатай, ижилдүү хүмүүс цуглаж, алга нижигнүүлээд ташдаг бол АН хуралдахаар нэгнийхээ хамраас цус гаргахаас сийхгүй омогтой, шазруун нөхөд цугладаг.
Төрөөс тэрбумтнууд төрж, төсвийн мөнгөөр “угжуулдаг” байдал газар авсныг сүүлийн үед төрийн сангаас зээл авсан улстөрчдийн баримтуудаар илчлэгдэж байна. Тэдэнд хүрэхгүй сан, завшихгүй хөрөнгө гэж байгаагүй гэдгийг олонд ил болсон Боловсролын зээлийн сангийн мэдээллээс илт болоод байна. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлдэг уг сангаас улстөрчид хамаарал бүхий этгээд, эхнэр хүүхэддээ зээл авч өгөөд, буцааж төлөлгүй олон жил болсон баримтууд нийтэд ил болсон нь олны дургүйцлийг хүргээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, улстөрчид эрх мэдэл албан тушаалын байдал, мэдээлэл ойр байдлаа ашиглаж, энгийн иргэдийн хүүхдүүдийн сурах боломжийг хулгайлсан. Тэдний нэг бол эрх баригчдыг худалч, хулгайч, хүүлэгч гэж цоллодог ардчилсан намын дарга Лу.Гантөмөр юм. Тэрбээр БСШУ-ны сайдаар ажиллаж байхдаа Боловсролын зээлийн асуудалд НЭР НЬ ЦОЙЛЖ БАЙЛАА.
ТОДРУУЛБАЛ, АН-ын дарга Л.Гантөмөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байхдаа 2016 оны тавдугаар сарын 27-ны өдөр тушаал гаргасан. Уг тушаалаар Гантөмөрийн Хулан, Ганбатын Батбаатар, Мөнхбаярын Нандинзул нарын нэрсийг нэмсэн. Гантөмөрийн Хулан нь 2016 онд АНУ-ын Брауны Их сургуульд суралцахдаа 127 мянган ам.долларын зээл авсан гэх мэдээлэл бий.
Гаднаа боловсролтой, эрдэмтэй, төв царайлсан тэрбээр цаанаа түмний боломжийг хулгайлсан шимэгч нэгэн байв. Бусдад боловсролоос мөнгө бүү харамла гэж сургасан эрхэм өөрөө бусдын төлсөн татварын мөнгөнөөс хулгай хийж хүүхдээ сургаж болох уу?
Дүнжингарав орчмын газар дээр ч, Боловсролын зээлийн сан дээр ч нэр нь цойлдог Лу.Гантөмөр сонгуулийн жонхуугаа зуурч явна. Ганц ч зоригтой мэдэгдэл байхгүй, хөтөлбөр байхгүй ганц зорилготой бодлого ч байхгүй өчнөөн хугацааг барлаа.
МАН түүхэндээ хамгийн муу рейтингтэй байгаа энэ алтан цаг үед АН тэрнээс ч доор байж болно гэдгийг харууллаа.
Сүүлийн үед АН-ыг архи, хөнжил хоёроос хэр хамааралтайг нь судалж сонгох хэрэгтэй гэх шүүмжлэл олон нийтийн дунд өрнөж эхлэв.
Түүгээр ч озогсохгүй АН-ын залуучууд намын даргынхаа хулгай луйврийг илчлээд эхэллээ. Тухайлбал, И.Цэрэнбат, Х.Алтанхуяг тэргүүтэй АН-ын гишүүд "Ардчилсан намыг гэмт хэрэгтэй холбоотой, хувийн эрх ашгаа бодсон хүн удирдаад байна. Тийм учраас Лу.Гантөмөрийг өргөдлөө өг, огцор гэж маш их шаардсан. Гэтэл энэ хүн өнөөдөр МАН-ын даргатай л зургаа авхуулдаг болсон. Гишүүддээ олдохоо больсон. МАН-ын гишүүн шиг л болсон. АН гишүүдийнхээ талд зогсож, дуу хоолойгоо өргөмөөр байдаг. Сөрөг хүчний байр сууриа илэрхийлмээр байдаг. Гэтэл Лу.Гантөмөр бүгдийг нь хориглодог гэж байлаа. Цаашлаад Лу.Гантөмөр нүүрсний хэрэгт эхнэртэйгээ хамт холбогдчихсон. Хөгжлийн банкны хэрэг дээр ч холбогдсон. Сүүлд гарсан Глобалын хэрэг дээр ч холбоотой гэдэг мэдээллүүд ирж байгаа талаар хэлж байв.