| | USD/MNT 0₮

МХЕГ: Тусгаарлалтаас гадуур үлдсэн нэг ч хүн байхгүй

Манай улс одоогийн байдлаар тусгай үүргийн гурван нислэгээр нийт 730 иргэнээ эх орондоо авчраад байна. Энэхүү нислэгүүдээр ирсэн гурван иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл уг нислэгээр ирсэн ч тусгаарлагдаагүй гэгдээд буй "Херо" энтертайнментын зураглаачийн мэдээлэл цахим орчинд болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархаад буй. Үүнтэй холбогдуулан МХЕГ-аас мэдээлэл хийлээ. 

МХЕГ-ын Улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар хэлэхдээ "Тусгай үүргийн онгоцоор иргэдээ авчрах шийдвэр гарсантай холбогдуулан МХЕГ Буянт-Ухаа боомт дээр эрүүл мэндийн хяналт тавин ажилласан. Гуравдугаар сарын 15-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 244 зорчигч ирсэн. Ингэхдээ мэргэжлийн хяналтын хоёр байцаагч нислэгийн явцад хяналт тавьж ирсэн. 244 зорчигчоос 10-ыг нь ХӨСҮТ-д, 50 зорчигчийг цэргийн төв эмнэлэгт, 184-ийг Энхсаран сувилалд ажиглалтад шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, 244 зорчигч бүгд тусгаарлалтад орсон. Харин нислэгийн багийн 12 хүнийг ажиглалтад авахаар тусгаарласан байгаа. Мэргэжлийн хяналтын хоёр байцаагч Жаргалантын сувилалд 14 хоног тусгаарлагдана. Тус нислэгийн үеэр шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй байсан. Эмнэлгийн байгууллагад шилжүүлсний дараа эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрч, эхний шинжилгээгээр коронавирусийн халдвар авсан нь батлагдсан.

Үүний дараа энэ сарын 16-ны өдөр Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 231 зорчигч ирсэн. Мөн бүгдийг тусгаарласан. 47-г ХӨСҮТ-д, 186-г "Амар" зочид буудалд шилжүүлсэн. Тэгэхээр цахим орчинд яригдаад байгаа зарим нэг хүнийг тусгаарлаагүй гэх мэдээлэл нь худал ташаа болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн нэг зорчигч үзлэг хийх явцад халуунтай байсан. Эхний шинжилгээгээр 37.5 хэмийн халуунтай, давтан үзэхэд 37.6 хэмийн халуунтай байсан. Халуунтай, хоолой өвдсөн гэх шинж тэмдэг илэрсэн тул яаралтай дуудлага өгч, ХӨСҮТ-ийн түргэний машинд арын хаалгаар шилжүүлсэн" гэв.

МХЕГ: Тусгаарлалтаас гадуур үлдсэн нэг ч хүн байхгүй
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.