| | USD/MNT 0₮
"Ногоон автобусны" нээлттэй сонсгол өнөөдөр /2024.05.21/ эхэлсэн. Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол явуулах юм.
Тус сонсголд 100 гаруй хүнийг гэрчээр дуудсанаас эхний өдөр 67 гэрчийг оролцуулна. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар, сайд асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ зэрэг хүмүүсийг гэрчээр дуудаад байна.
Энэ үеэр гэрч НЗДТ-ын газрын дарга асан И.Баатархүүгийн хариулт анхаарал татав.
Сонсгол даргалагч Ж.Бат-Эрдэнэ: Энэ Тэнүүн-Огоо компанитай нийтийн тээврийн автобус худалдан авах гэрээ хийсэн байна. ННТГ230001 гэсэн дугаартай ийм гэрээ хийсэн байгаа. Энэ миний мэдэхээр төсвийн ерөнхийлөн захирагч гэрээ хийх ёстой юм. Уг нь бол. Төсвийн ерөнхийлөн захирагч тухайн төсвөө захиран зарцуулаад тендер зарлаад худалдан авах хуулийн дагуу. Хууль дүрмийн дагуу үнэлгээний хороо байгуулаад. Үнэлгээний хороо шүү ажлын хэсэг биш. Үнэлгээний хорооноос орж ирсэн дүгнэлт дээр үндэслээд гэрээ байгуулах ёстой. Эрхээ тэр үнэлгээний хороонд өгөх ёстой. Ингээд үнэлгээний хороонд үндэслээд гэрээг төсвийн ерөнхийлөн захирагч миний мэддэгээр лав хууль нь тийм л байх ёстой юм. Төсвийн ерөнхийлөн захирагч буюу Д.Сумъяабазар гэрээ байгуулах ёстой. Тэнүүн-Огоо компанитай. Баатархүү дарга та яагаад ямар үндэслэлээр Тэнүүн-Огоо компанитай худалдан авах гэрээ зурсан бэ?
Гэрч НЗДТ-ын газрын дарга асан И.Баатархүү: Бат-эрдэнэ гишүүний асуултад хариулъя. 2002 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 209 тоот НЗД-ы захирамж гарсан. Энэ захирамжаар эрх шилжүүлсэн байгаа. Улсын нийслэлийн төсөв болон хөрөнгө оруулалтын төсөв арга хэмжээний гүйцэтгэл сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дүгнэлт гүйцэтгэх гэрээг баталгаажуулахыг НЗД-ын тамгын газар даалгасугай. Гээд ийм заалттай захирамжаар эрх шилжсэн байгаа.
Сонсгол даргалагч Ж.Бат-Эрдэнэ: Хэдэн оны?
Гэрч НЗДТ-ын газрын дарга асан И.Баатархүү: 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн А10209
Сонсгол даргалагч Ж.Бат-Эрдэнэ: Наад дээр чинь 2023 оны худалдан авал хамаарах юм уу? Наана чинь 2022 оны захирамж яригдаад байна шүү дээ. 2023 оны төсөв чинь шал ондоо төсөв шүү дээ. 2022 оны төсвийг захиран зарцуулах нэг асуудал, 2023 оны төсвийг захиран зарцуулах нэг асуудал. 2022 оны тагнуулынхаа бичгийг ашиглаад өдий хүртэл яваад байдаг. 2023 оны худалдан авалтыг тэр бичгээрээ хийгээд байдаг.
Сэтгүүлч: А.Булганчимэг