| | USD/MNT 0₮
Намын даргын оруулж ирсэн 126 нэрийг сонсоод л дуу нэгтэйгээр дэмжих, эс бөгөөс энийг л дэмжих ёстой гэсэн хайрцагласан саналыг алгаа нижигнэтэл ташаад гаргадаг эрх баригч намын хурал өчигдөр АН-аас дутахгүй дотоод ардчилалтай болсон нь сонирхол татах өнцөг болов.
Тэр тусмаа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэний ханцуй дотроо хадгалж байгаад оруулж ирсэн инженер, багш, гадаадад өндөр боловсрол эзэмшсэн цоо шинэ залуус, намын анхан шатны бэлтгэгдсэн залуу үеэр эгнээгээ бүрдүүлсэн намын жагсаалт олон хүнд “гэнэтийн бэлэг” болж чадсан юм.
Улс төрийн тогоонд улиг болтлоо чанагдсан, бугштлаа төрд суучихсан улстөрчдөө тойрог руу хөөж явуулаад, эсрэгээрээ хэний ч танихгүй юм шиг атлаа намдаа, улс оронд зүтгэсэн шиг зүтгэж яваа цоо шинэ залуу үеийнхэнд боломж олгож, өөрөө харин жагсаалтын ард нуугдахгүй тойрог руу давхиж одсон Л.Оюун-Эрдэний энэ нүүдэл рейтинг нь унаад байсан МАН-ын нэр хүндэд таван оноо нэмэхүйц улс төрийн тоглолт байлаа.
Нөгөөтээгүүр, МАН-ын хайрцагладаг, танхимаа зангидаж, түгжиж орж ирдэг ул болсон улс төрийн тоглолт шинэ залуу үеийн босгон дээр ирээд задран унасныг өчигдөр үүр цайтал хуралдсан МАН-ын Бага хурлын үйл явц харуулав.
Тодруулбал, МАН-ын Бага хурал товлосон хугацаандаа нэрсээ зарласан ч үүр хаяартал хуралдсан шалтгаан нь УИХ-ын сонгуулийн жагсаалт, тойрогт заалнаас нэрээ дэвшүүлсэн зургаан нэр дэвшигчтэй холбоотой ажээ. Энэ удаагийн намын Бага хурал дотоод ардчилалаа хангаж, намын бодлогыг сөрөх гэхээс илүү өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлыг даган сонгох, сонгогдох эрхээ эдлэх боломжийг нэр дэвшигчдэд хийгээд Бага хурлын гишүүдэд тавьж өгснөөрөө онцлог байжээ. Улмаар, намын даргыг Бага хуралд сонгосон хүмүүсээ танилцуулсны дараа тойрогт хоёр, намын жагсаалтад дөрвөн нэр дэвшигч горилж буйгаа дуулган заалнаас нэрээ дэвшүүлжээ. Тэдний хамгийн залуу нь Дэд сайд Э.Золбоо байсан бол ганц эмэгтэй байсан нь Д.Өнөрболорыг нокаутад оруулсан "битүү морь" болох Төв аймгийн Баянхангай сумын Засаг дарга С.Баярмаа байжээ.
С.Баярмаа гэх бүсгүйг Төв, Сэлэнгэ, Дарханы бүсийнхэн андахгүй. Тэрбээр, намын анхан шатнаас эхлэн 20 гаруй жил улс төрийн тогоонд явж буй нэр цэвэр, шилдэг залуусын нэг аж. Тиймдээ ч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ түүнд итгэл үзүүлэн, өөрийн зурсан жагсаалтынхаа 42-т нэрийг нь оруулж ирсэн. УИХ-ын гишүүн болохоор горилж нэрсээ бүртгүүлсэн 255 нэр дэвшигч дунд ганцхан намын анхан шатнаас өрсөлдсөн хүн байсан нь С.Баярмаа. Уг нь намын жагсаалт гэдэг бол ялагдсан ч гэлээ дараагийн том үүд хаалгыг нээх учиртай том боломж. Нам эрх барилаа гэхэд 126 нэр дэвшигчийн эгнээнд багтагсад ар, араасаа албан тушаал авах учиртай.
Гэсэн ч энэ бүсгүй намын жагсаалтаас нэрээ татахаа мэдэгдэж, эсрэгээрээ Төв аймгийн эмэгтэйчүүдийн квот, хоёрдугаарт газар тариалангийн бүс нутгийн төлөө мөнгөтэй, эрх мэдэлтэй улстөрчид өрсөлдөж, тойрог худалдан авдаг буруу жишгийг халах ёстой хэмээн заалнаас нэрээ дэвшүүлчихэж. Ингэхдээ Сэлэнгэ аймгаас өрсөлдсөн Д.Өнөрболорын мандат дээр нэрээ дэвшүүлсэн нь өчигдрийн хурлын маш том “гэнэтийн бэлэг” байжээ.
Харин УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоо Ц.Даваасүрэн гишүүний мандатыг амлаж, мөн л заалнаас нэрээ дэвшүүлсэн байна. Ингээд шөнөжин хуралдсан МАН-ынхан зургаан нэр дэвшигч нэг бүр дээр санал хураалт өрнүүлсэн бөгөөд Э.Золбоо ердөө 2-3-хан хүний саналаар буюу 49 хувьтай, Ц.Даваасүрэн сайд 51 хувиар ялж гарч ирсэн бол Төв аймгийн С.Баярмаа арван хүний саналаар буюу 45 хувьтай, Д.Өнөрболор харин 55 хувиар ялжээ.
Шөнөжин хуралдаад ядарсан Бага хурлын гишүүдийн цөөнгүй нь хурлаас гараад явчихсан, намын даргын шийдвэрийг сонсоод харьчихсан, мөн хоосон санал олон тоологдсон зэргээр нөхцөл байдал хэрвээ Д.Өнөрболорын талд сайнаар эргээгүй, өдрийн цагаар хуралдсан бол МАН-ын "битүү морь" хэмээн нэрлэгдэж буй энэ бүсгүй түүнийг өлхөөн ялж, УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх бүрэн боломж харагдаж байсныг улс төрийн хүрээнийхэн ярьцгааж байна.
Намдаа ч, тойрогтоо ч очих нүүргүй болсон Д.Өнөрболор гэгч чухамдаа хэн бэ гэдгээ энэхүү Бага хурлаас мэдрээд гарсан бололтой. Түүнийг нокаутад оруулсан С.Баярмаа нь аймгийнхаа ИТХ-д гурвантаа сонгогдсон, өдгөө газар тариалангийн гол бүс болох Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргаар ажилладаг, намын анхан шатнаас ажиллаж яваа залуу эмэгтэйчүүдийн нэг бөгөөд өчигдрийн энэхүү улс төрийн нүүдлээрээ МАН дотроо өөрийгөө тултал таниулж, улс төрийн анхаарлын төвд орж ирэв. Э.Золбоо ч мөн дараагийн бэлтгэгдсэн улстөрч болж яваагаа ийнхүү нотлов.