| | USD/MNT 0₮
УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд тойрог болон жагсаалтад бичигдэх нэр дэвшигчдийнхээ мэдээллийг өнөөдрийн 23:59 цагт багтааж Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэх ёстой.
Одоогоор МАН-ын Бага хурлаар нэр дэвшигчдээ тодруулах үйл ажиллагаа болж байгаа юм. Энэ үеэр ерөнхийлөгч асан Н.Багабанди Тусгаар тогтнолын ордонд ирж, хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Сонгуульд нэр дэвших асуудлаар манай намын дарга нар байр сууриа илэрхийлсэн. Би авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг санал дэвшүүлэхгүй гэдэгт бүрэн санал нийлдэг.
Намын жагсаалтаар УИХ-д орох хүмүүс бэлтгэгдсэн байх ёстой. Жендэрийн асуудлыг тодорхой тавьсан. Би залуучуудын төлөөллийг их ороосой гэж хүсэж байна. Энэ удаа цэвэр бодлогын сонгууль болох байх.
Аливаа нам улс төрийн үйл ажиллагаа явуулахдаа гурван үеийн холбоос дээр тогтдог. Ахмад, дунд, залуу шүтэлцээ тэгш хангагдаасай" гэв.
Мөн энэ үеэр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар тодруулахад тэрбээр "С.Зоригийг Ерөнхий сайд болгох асуудлыг надтай ярьж байсан.
Би С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэх байр суурийг Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар дамжуулж илэрхийлсэн байсан. Сонгуультай, сонгуульгүй ч бай С.Зоригийн хэрэг илрэх ёстой" хэмээн ярилаа.