| | USD/MNT 0₮

Х.Эрдэнэболд: Ахуйн хүрээнд архидан согтуурч, улмаар бусдын эрүүл мэндэд халдах тохиолдлууд ихэсч байна

БЗДЦГ-ын Хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Эрдэнэболд:

Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас зохион байгуулж буй “Архигүй орчин” аяныг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Тус аян энэ оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд зохион байгуулагдах юм. Аяны гол зорилго нь архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн цагийн хуваарьт хязгаарлалт тогтоон, өөрчлөлт оруулсантайгаар зарим иргэд ахуйн хүрээнд архидан согтуурч, улмаар хүний эрүүл мэндэд хохирол учруулах явдал гарч байна.

Өөрөөр хэлбэл иргэд хэсэг бүлгээрээ нэгнийдээ нийлж аливаа баяр ёслолыг тэмдэглэх, ингэхдээ архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж байна. Улмаар хүмүүс өөр хоорондоо хэрэлдэх, маргалдах, үл ялих зүйлээс шалтаглан нэгнийхээ биед гар хүрч, хохирол учруулж байна. Иргэд ахуйн хүрээнд буюу гэр орондоо байхдаа бусдын биед халдахдаа гарт ойр байгаа эд зүйлсийг зэвсэг, зэвсгийн чанартай ашиглаж байна. 

Ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг хутга, мэс ашиглах явдал гарч байна. 

Сүүлийн жишээ дурдахад нэгэн гэр бүл дээр найзууд нь ирж Март-8 тэмдэглэх нэрийдлээр архидан согтуурсан тухай дуудлага мэдээллийн дагуу очиход нөхөр нь эхнэрээ найзтайгаа хардсаны улмаас маргаан үүсч, хоорондоо зодолдож, улмаар мэс далайж айлган сүрдүүлж, эхнэр болон найзыгаа цохиж гэмтэл учруулсан байсан. Дээрх үйл явдлыг нөгөө өрөөнд унтаж байсан 8 настай хүү нь харснаар, болиулсан байгаа юм. Бид үр хүүхдүүддээ юу харуулж, ямар байдлаар үлгэрлэж байна вэ гэдгээ эцэг эхчүүд бодох хэрэгтэй. 

Архи гэдэг зүйл хүний хэлэхийг хүсээгүй зүйлийг хэлүүлж, хийхийг хүсээгүй зүйлийг хийлгүүлж чаддаг, тийм дээ ч “Сархад савнаасаа бусдыг дийлдэг” гэж үг байдгийг хүмүүс минь анхаараарай.

 

“Архигүй орчин”-ны төлөө хамтдаа зүтгэе. 

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.