| | USD/MNT 0₮
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаас 30 орчим шийдвэр гаргажээ.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ирэх онд хийх хөрөнгө оруулалтын ажлуудыг танилцуулав. Манай улсад гурван ээлжээр хичээллэдэг сургуулиуд бий. Эдгээрийг хоёр ээлжтэй болгохын тулд БШУЯ, хотын захиргаатай хамтран ажиллах ажлын хэсгийг байгуулжээ.
Ирэх онд 68 шинэ сургууль, цэцэрлэг барина. Эдгээрийн 70 хувийнх нь тендерийг зарлаж, барих ажлыг эхлүүлсэн байна. Тендерийг гурван аргаар зарладаг. Худалдан авах ажиллагааны агентлаг, УБ хотын ЗДТГ болон аймгууд тус бүрдээ тендер зарладаг. Эдгээрээс Худалдан авах ажиллагааны агентлагийн тендер цаг алддаг, удааширдаг гэв. Мөн тэрээр
-Сүүлийн хоёр жилд Засгийн газраас цэцэрлэгийн хүртээмжийг дээшлүүлэхэд ихээхэн анхаарсан. Үүний үр дүнд сугалааны тогтолцоог халсан. Азтай нь цэцэрлэгт явж, 33 мянган азгүй хүүхэд гэртээ үлддэг байв. Одоо хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжтой.
Нийслэлд 47 сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Эдгээрийг хоёр ээлжтэй болгох ажил эхэлсэн ч удаашралтай байгаа тул нийслэлийн захирагчтай хамтран ажиллах шаардлагатай. Хамгийн их ачаалалтай байгаа, Хан-Уул дүүргийн 26-р хороо, Нарны хороолол, тус дүүргийн 15, 17, 24-р хороо, БЗД-ийн 26, 36-р хороо, БГД-ийн 24-р хороо, Алтай хотхон гэх мэт сургуульгүй хорооллуудад эхлээд сургууль барина.
Сүүлийн үед хотын дарга сургууль барих газрыг эрчимтэй чөлөөлж байна. Эн сард нийслэлийн төсвийг тодотгоно. Тодотголыг манай яамтай хамтран хийнэ. Эхний ээлжид гурван ээлжээр хичээллэдэг, арван сургуульд онцгойлон анхаарна. 11 байршилд 5980 хүүхдийн хүчин чадалтай сургуулиуд барина.
Мөн энэ онд нийт 40 мянган хүүхдийн суудалтай сургуулиуд барина. Жил бүр 75-80 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсдэг. Харин 12-р ангийг 30-35 мянган хүүхэд төгсдөг. Иймд шинэ сургуулийн эрэлт үүсдэг. Ойрын 5-8 жилд энэ байдал үргэлжилнэ. 2023 онд 12 мянган хүүхдийн багтаамжтай сургуулиуд барьсан гэв.