| | USD/MNT 0₮
Ардчилсан намын дэргэдэх “Health transformation" клубийн гишүүд өнөөдөр /2024.05.15/ хэвлэлийн хурал хийлээ.
Клубийн үүсгэн байгуулагч, Анагаах ухааны доктор, профессор Н.Одонгуа: Эрүүл мэндийн салбарт болж буй уялдаа холбоогүй асуудлуудаас үүдэн иргэдийн бухимдал маш их байна. Нэг иргэн эмнэлэгт очоод үзүүлэх гэхээр олон цаг хүлээж байна. Эрүүл мэндийн мэдээллийн цахим тогтолцоог шинэчлэхгүйгээр дараагийн эрүүл мэндийн салбарыг зөв төлөвлөж чадахгүй.
Гэтэл өнөөдөр энэ том салбар 38 цахим программтай. Эдгээр нь хоорондоо мэдээлэл солилцох, дамжуулж чаддаггүй. Энэ салбарт буй 2024 оны төсвийг харвал ДНБ-ий 4 хувийг бид эрүүл мэндийн салбарт зарцуулж байна. Энэ санхүүжилтийн тал хувь нь эм, оношлуур гэсэн хоёр зүйлд л зарцуулагдаж байна. Иймд байхад бидний тогтолцоо тэнцвэртэй байх боломжгүй гэв.
Өнөөдөр сум дээр байгаа хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авахын тулд хот руу ирж байна. Энийг нь харсан үр хүүхэд нь суманд амьдрахгүй гээд хот руу нүүж ирж байна. Хотоос нүүдэл ирчхээд гадаад руу явж байна. Энэ нүүдлийн чинь гол эх үүсвэр нь ерөөсөө л эрүүл мэнд боловсролын зөөлөн дэд бүтэц, чанар хүртээмжийн асуудал. Тэрэндээ огт анхаараагүй. Жилдээ бид 200 сая доллароор гадагшаа тусламж үйлчилгээ авахаар явж байна. Монгол Банкны төлбөрийн тэнцлээр гарсан албан ёсны тоо шүү. Албан бусаар бол 400 сая орчим доллар гадагшаа урсаж гарч байна
БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Н.Болдбаатар: Эрүүл мэндийн салбар өөрөө хорт хавдартай болсон. Эмийн сонсголоор хэсэгхэн л авлигын мэдээлэл ил боллоо. Ковидын үед төр маш олон төрлийн эм, оношлуурыг шууд худалдан авч байсан. Энэний цаана авлига байна гэж харж байна.
Ковидын үед нэг маск 20 мянган төгрөг байсан. Энэ асуудлыг дахиж хэн ч хөндөөгүй. Тухайн үед ковид туссан хүний эмчилгээний зардал 8 сая төгрөг байсан. Жилийн дараа 160 мянга, 1.5 жилийн дараа 70 мянган төгрөг болсон. Энэ мөнгөөр бид ямар ямар эм авсан гэдгээ эргэж хараагүй. Энэ мэт маш олон бугшсан асуудал, тогтолцооны гажуудал зэрэг нь салбарын хорт хавдар болчхоод байна гэв.