| | USD/MNT 0₮
-“МАНАН” бүлэглэлийн гол толгойлогч гэх авторыг зүүгээд байгаа Ц.Элбэгдорж “барьц алдаж” эхэлсэн бололтой. Ингэхдээ өнөөгийн Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг “хорхойтой араа”-ндаа тас зуучихсан сууж байхыг үгүйсгэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигын схемийг зурж, “шударга бусын хонгил”-ыг бий болгосон, МАНАН бүлэглэлийн гол толгойлогч, “Эрдэнэт”-ийн 49 хувь болон төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгт голлох үүрэг гүйцэтгэсэн гэж “шүгэл үлээсэн” бол Ерөнхий сайд асан С.Баяр Ц.Элбэгдоржийг сонгуулиар мөнгө амалдаг гаж тогтолцоог эхлүүлж, 2008 оны долоодугаар сарын 1-ний хэрэгт буруутгасан байдаг.
Эндээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьсан “Ц.Элбэгдорж “женко” Х.Баттулгад Ерөнхийлөгчийн ажлаа шилжүүлж өгөхдөө С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй, бусад нь надад хамаагүй гэж хэлсэн байдаг” гэх үг анхаарал татна. Түүний ярьсан зүйлийг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булган бүтэн 26 жилийн дараа хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгөх үеэрээ “баталсан” нь УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн өмнө С.Зоригийн хэрэг тэр чигтээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг чиглэхэд хүргэсэн билээ.
Хууль, хяналтын байгууллагаас ч Ц.Элбэгдорж нарыг шалгаж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг “Эрдэнэт”-ийн 49 хувь болон “Ачит Ихт”-ийн мөнгө угаалтын схемтэй холбоотой асуудлаар яллагдагчаар татсан гэдгийг ЭЦА-наас мэдээлсэн билээ. Түүнчлэн улс төрийн захиалгаар С.Зоригийг хөнөөсөн хэргийг хаахыг санаархсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн гэдгийг ч тодотгосон юм.
Энэ бүгдээс харахад цагтаа төрийн бүхий л өндөр албан тушаалыг хашиж явсан, “МАНАН” бүлэглэлийн гол толгойлогч гэх авторыг зүүгээд байгаа Ц.Элбэгдорж “барьц алдаж” эхэлсэн бололтой. Ингэхдээ өнөөгийн Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг “хорхойтой араа”-ндаа тас зуучихсан сууж байхыг үгүйсгэхгүй. Учир нь, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг, үйлдэл бүр таалагдахгүй, түүнийгээ ч цахим хуудаснаа илэрхийлдэг болоод удаж байна.
Хамгийн сүүлд л гэхэд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудаснаа Засгийн газрын өргөн барьж, яаралтай горимоор УИХ-аар батлуулсан Үндэсний баялгийн сангийн хуулийг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийллээ. Тэрбээр “Энэ бүр Монголын дон дээр суух хэрээ боллоо шүү. Бидэнд итгэж, найдаж байсан хүмүүсийн нүдэнд хуруугаа дүрэв. Хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын боломжит хамтрагчид гасалж, муу үгээ олохгүй байна. Хийсэн тохирсон гэрээ хэлцэл, хууль дүрэм юу болов. Түүний цохьсон цан Монголд одоогоор ямар үр дүн авч ирэв ээ. 1911 оноос хойш хөөцөлдсөн гуравдагч талыг гол гаргалаа. Улс орноо хөршийнхөө хөлстэй суга руу хүссэнээр нь лав чихэж өглөө” гэжээ.
Ямартай ч УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Үндсэндээ горилогчид намаасаа нэр дэвших эрхээ авч, түүнийгээ Сонгуулийн ерөнхий хороогоор баталгаажуулж, сурталчилгаагаа эхлүүлэх л үлдээд байна. Одоогоор эцсийн байдлаар хэн аль намаас нэр дэвших нь хараахан тодорхой болоогүй, аль нам хэнийг тойрогт илгээж, хэнийг жагсаалтад багтаахаа хараахан эцэслээгүй байна. Тэгвэл энэ бүхнээс дутахгүйгээр энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үг, үйлдэл бүр олон нийтийн анхаарлыг татаж, тэр хэрээр “барьц алдсан” энэ мэт үйлдэл нь улс төрийн “гол сэдэв”-ийн нэг болж эхэллээ.