| | USD/MNT 0₮

О.Нармандах: Архидалтаас үүдэлтэй гэмт хэргийг бууруулах боломж бүрэн бий

...Авраач ахаа эгчээ, аав ээжийг зодоод байна гэх сандруу чичирсэн хоолойтой дуудлага цагдаагийн байгууллагад тасардаггүй. Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэл хаалттай хаалганы цаана өрнөдөг учир хэчнээн эмэгтэй, хүүхэд айдаст автан өдөр хоногийг өнгөрүүлж буйг бид мэдэхгүй. Нийгэмд үзүүлэх хор нөлөөгөөрөө бусад төрлийн гэмт хэргүүдээс илүү хөнөөлтэй болохыг мэргэжилтнүүд хэлдэг. Учир нь хүчирхийлэгч өөрөө хүчирхийлэгчийг бий болгодог.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас жилд хэдэн зуун гэмт хэрэг үйлдэгдсэн тоо баримт бий. Бас дээд боловсролтой хүчирхийлүүлэгч давамгайлдаг гэнэ. Хүн нэрээ тогос өдөө гэгчээр нөхөртөө зодуулдаг байсан ч нэр хүндийг нь бодоод хэлдэггүй. Хэлээд цагдаад очсон хэрнээ үр хүүхдээ өнчрүүлээд яах вэ гэж ууч сэтгэлээр ханддаг нь хамгийн том алдаа болохыг хэн хүнгүй хэлсээр. Гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан олон янз. Стресс, бухимдал, ажилгүйдэл, ядуурал гэхмэтчилэн. Гэхдээ үүнээс хамгийн хор хөнөөлтэй нь архинаас үүдэлтэй гэмт хэрэг юм. Учир нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн хүн өөрийгөө хянах чадваргүй болдог.

Коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор улс орон даяар онц байдал зарлаж, энэ сарын 16-ныг хүртэл хөл хорио тогтоогоод буй. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой комиссын А/223 дугаар захирамжийн хүрээнд халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд 5631 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа юм.

Тухайлбал, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг ресторан, баар, шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, бусад үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоосон билээ. Гэхдээ үүнээс болж ахуйн хүрээнд архидан согтуурах болон түүний улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Жишээлбэл, гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрүүл мэндэд хохирол учруулах зэрэг гэмт хэргүүд бүртгэгдсээр байгаа юм. Энэ талаар БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Нармандахтай ярилцлаа.

-COVID-19 буюу шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээг авч ажиллаж байна вэ?

-Дэлхийн 117 оронд тархсан коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хувьд Нийслэлийн Засаг даргын А/223 болон Улсын онцгой комиссын А/333 тоот захирамжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа.

Тухайлбал, өөрийн хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт 586 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон. Түүнчлэн гаргасан захирамжийн хүрээнд шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр албан хаагчид зөвлөмж мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байгаа.

-Архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг ресторан, баар, шөнийн цэнгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Захирамжийг зөрчсөн иргэд, аж ахуйн нэгжид ямар хариуцлага ногдуулах вэ?

-Цагдаагийн байгууллагаас өдөр бүрийн 19.00 цагаас “Эмзэг цэг” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг. Ингэхдээ үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжийн цагийн хуваарьт хяналт тавин ажиллаж байгаа. Энэ үеэр шөнийн 00.00 цагаас хойш иргэд архи, согтууруулах ундааг гар дээрээс “шагалж” худалдан борлуулж байсныг таслан зогсоож, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг.

-Мөнгөн торгууль ногдуулж байгаа юу?

-Зөрчлийн тухай хуулийн 6.5.13-т заасны дагуу зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд зааснаас бусад газарт, гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, эсхүл түүгээр үйлчилсэн бол эд зүйл болон хууль бусаар олсон орлогыг хурааж хүнийг тавин нэгж (50 мянга), хуулийн этгээдийг таван зуун нэгж (500 мянган төгрөг)-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Яг энэхүү зөрчлөөр 11 хүнийг холбогдуулан шалгаж байна.

-Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор ахуйн хүрээний архидан согтуурах явдал нэмэгдэх хандлагатай байгаа гэсэн. Иймд урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас “Архигүй орчин” арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юу?

- Цагдаагийн байгууллага нь гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хайр өвтгөдөггүй” аяныг зохион байгуулж байна.

Тус аяны хүрээнд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэрэг бүртгэх албанаас “Архигүй орчин” арга хэмжээг мөн явуулж эхэллээ. Учир нь коронавирусын халдвараас үүдэн иргэдэд хөл хорио тогтоож, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор ахуйн хүрээний архидалт ихэссэн. Тухайлбал, иргэд найз нөхөд, хамт олноороо нэгнийдээ цугларч архи, согтууруулах ундаа хэрэглэх, үүнээсээ болж маргалдах, улмаар зодолдох зэргээр нэгнийхээ эрүүл мэндэд хохирол учруулах нь ихсэж байна. Хамгийн сүүлийн жишээг дурдахад, БЗД-ийн цагдаагийн II хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт он гарснаас хойш хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 118 бүртгэгдсэнээс 65 буюу 55 хувь нь гэр, орон сууцанд үйлдэгдсэн байгаа. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд хязгаарласан байгаа энэ үед гэртээ бага насны хүүхдийнхээ хажууд архидан согтуурах нь хүүхдийн эрхийг зөрчиж байгаа хэрэг юм.

-“Архигүй орчин” аян хэр хугацаанд үргэлжлэх вэ. Уг аяны гол зорилго нь юунд оршиж байгаа вэ?

-Аян энэ сарын 06-наас эхлээд гуравдугаар сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд гол зорилго нь оршиж байгаа.

-Ахуйн хүрээний архидалт эцэстээ гэр бүлийн хүчирхийллээр дуусдаг. Ер нь БЗД-ийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл хэр их бүртгэгддэг вэ?

-Хүчирхийллийн үндсэн шалтгаан бол архидалт. Сүүлийн үед архидалт, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл өсч байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Ер нь гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг нь бусад төрлийн гэмт хэргийг бодвол маш онцлогтой. Ялангуяа хаалттай хаалганы цаана далд хэлбэрээр үйлдэгддэг, үйлдэгчид нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байдаг тул нэр хүнд, санхүүгийн хараат бус байдлаас болж цагдаагийн байгууллагад мэдээлдэггүй байх нь элбэг. Ингэж явсаар эцсийн бүлэгт амь насаа алдах эрсдэлд учруулдаг гэмт хэрэг юм.

-Энэ төрлийн гэмт хэрэгт ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар аль алинаар нь зохицуулагддаг. Хохирогчид учирсан гэмтлийн зэргээс шалтгаалан Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан тохирох зүйл ангиар ял шийтгэгддэг. Харин шүүх шинжилгээний дүгнэлтээр хохирогчийн биед гэмтэл учраагүй болон гэр бүлийн хүчирхийллийг удаа дараа үйлддэг нь нотлогдоогүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.4-т зааснаар 7-30 хоногийн баривчлах ялаар шийтгүүлдэг.

-Хөршийн холбоог сайжруулах хэрэгтэй гэж ярьдаг. Тэгвэл хөршүүдээс гэр бүлийн хүчирхийллийн дуудлага хэр их ирдэг вэ?

-Ер нь гэр бүлийн хүчирхийллийг мэдсэн иргэн заавал цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ хэмээн хуульчилсан байдаг. Нэг үеэ бодвол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага хөршүүдээс их ирдэг болсон.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 34.4 хувиар өссөн статистик тоо гарсан байсан. Үүнээс бол жилд 5-6 мянган хос салж, Монголын мянга мянган үрс өнчирч байна. Бидэнд энэ тоо багасгах боломж бүрэн бий. Зөвхөн иргэн бүрийн хариуцлага, хүн бүрийн ухаан, ойлгох ойлголцол, хүндлэл чухал. Тиймээс иргэд та бүхнийг цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй “Хайр өвтгөдөггүй”, “Архигүй орчин” зэрэг урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.

-Ярилцсанд баярлалаа.

...Авраач ахаа эгчээ, аав ээжийг зодоод байна гэх сандруу чичирсэн хоолойтой дуудлага цагдаагийн байгууллагад тасардаггүй. Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэл хаалттай хаалганы цаана өрнөдөг учир хэчнээн эмэгтэй, хүүхэд айдаст автан өдөр хоногийг өнгөрүүлж буйг бид мэдэхгүй. Нийгэмд үзүүлэх хор нөлөөгөөрөө бусад төрлийн гэмт хэргүүдээс илүү хөнөөлтэй болохыг мэргэжилтнүүд хэлдэг. Учир нь хүчирхийлэгч өөрөө хүчирхийлэгчийг бий болгодог.
Ярилцлага

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.