| | USD/MNT 0₮
Сонгуулийг хуулийн дагуу, шударгаар зохион байгуулахад сонгуульд оролцогч бүх талуудын хуулийн хүрээн дэх оролцоо нэн чухал юм. Энэ ч агуулгын хүрээнд тэгш, шударга өрсөлдөөнийг дэмжих зорилгоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал буюу 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг дуустал аливаа этгээд сонгогчдын санал татах зорилгоор явуулахыг хориглосон дараах үйлдэл, үйл ажиллагааг тодорхойлон хуульчилсан. Тухайлбал:
– мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх;
– нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх;
– сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;
– ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх;
– хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах;
– сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;
– хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх;
– тухайн жилийн төсөвт тусгаагүй нийгмийн халамж, хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлэх, амлалт өгөх, зарлах.
Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар улс төрийн намаас зөвхөн гишүүдийнхээ хүрээнд зохион байгуулсан сургалт, уулзалтыг сонгогчдын саналыг татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамааруулахгүй байхаар хуульчилсан. Иймд улс төрийн намаас хуулиар хориглоогүй арга хэлбэрээр зохион байгуулж буй аливаа арга хэмжээнд зөвхөн тухайн намын гишүүдийг оролцуулах шаардлагатай.
Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг хуулийн дагуу, нээлттэй ил тод, иргэд олон нийтийн зүгээс хяналт тавих, мэдээлэл авах боломжийг бүрдүүлэхэд анхаарч зохион байгуулалтын арга хэмжээ авч дээрх төрлийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, зөрчил гаргуулахгүй байх, гарсан зөрчлийг шуурхай шийдвэрлэх асуудлаар бүх шатны цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна.
Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан дээрх зөрчил гаргасан болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 33 дугаар зүйлийн 33.1.7, 75.2-т зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нь нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах, нэр дэвшигчийг бүртгэсний дараа зөрчил гарсан нь тогтоогдсон тохиолдолд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болохыг анхаарна уу.
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО