| | USD/MNT 0₮
“Шинэ хоршоо” хөдөлгөөний хангайн бүсийн нээлт Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод өнөөдөр болж байна. Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн 500 гаруй малчин, хоршоологчдын төлөөлөл хүрэлцэн ирж, “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар мэдээлэл авч, санал солилцож байгаа юм. Малын түүхий эд үнэгүйдсэн энэ цаг үед төр малчдаа дэмжиж, анхан шатны боловсруулалтаа хийх хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдэж өгөх бодлогыг энэхүү хөдөлгөөнөөр шийдэж байгаа юм.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Шинэ хоршоо” хөдөлгөөний хангайн бүсийн нээлтэд оролцов. Ган зуданд тэсвэртэй, малын түүхий эд бүтээгдэхүүнээ анхан шатанд боловсруулдаг, малчид улс орны чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлэх зорилготой “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг Засгийн газраас зохион байгуулж орон даяар өрнүүлж байна.
Хоршооны гишүүн малчин 80-100 хувийн батлан даалтаар жилийн 6 хувийн хүүтэй 50 сая төгрөг хүртэлх зээл авч, хоршоод анхан шатны боловсруулалт хийдэг болох нь энэ хөтөлбөрийн гол зорилго юм. Ингэснээр үнэгүйдээд буй малын түүхий эд, арьс шир боловсруулалтад орж, малчид нэмүү өртөг шингэсэн үнээр бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлнэ. Эцэст нь нэг малчин айлын сарын орлого 5 сая төгрөгт хүрч, мал аж ахуйн салбар ДНБ-ий 30 хувийг бүрдүүлдэг болно гэдгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж байв.
Хангайн бүсийн малчид “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар мэдээлэл аваад дан дангаараа мал аж ахуйгаа эрхлэн амьдрах нь хүнд болж эхэлсэн учраас хоршиж хамтран ажиллах цаг болсон талаар хэлж байлаа. Малчид баг багаараа нэгдэн нийлж ямар төсөл загвараар хэрхэн ажиллах талаараа ярьж зөвлөлдөж эхэлжээ.
Юун түрүүнд нэг сум, багийн санаа нийлж, хамтран ажиллах боломжтой 9-өөс доошгүй малчин нэгдэж, ямар төсөл загвараар хоршоо байгуулах талаараа ярилцана. Үүний дараа хурлаа хийж, хоршоогоо байгуулж бүртгүүлэх юм. Нийт 660 сургагч багш сум бүрийн малчин бүрд хүрч ажиллаж эхэлсэн. Тэдгээр сургагч багш нар хурлаа хэрхэн хийх, хоршоогоо яаж байгуулах, бизнес загвараа бичих зэрэг мэдээллүүдээр хангаж заавар зөвлөгөө өгөх юм. Хоршооны гаргасан бизнес төслийг арилжааны банк судлан хянаад боломжтой бол зээл олгоно. Зээлийг маш богино хугацаанд хурдан шуурхай гаргах боломжтойг арилжааны банкны төлөөллүүд өмнө нь мэдэгдэж байсан юм. Эхний ээлжийн зээл энэ 5 дугаар сарын 20-нд гарах боломжтой гэж Засгийн газрын зүгээс үзэж байгаа юм.