| | USD/MNT 0₮

MY_CAREER Ц.БАДАМ-ОТГОН: Монголын баялаг бүтээгчид ПОДВАЛД ажиллаж байдаг

MY_CAREER булангийнхаа энэ удаагийн зочноор Ц.Бадам-Отгоныг урилаа. Тэрбээр Монголын мянга мянган баялаг бүтээгчдийн нэг бөгөөд арьсан эдлэлээр бүс тэлээ хийдэг хувиараа бизнэс эрхлэгч юм.

Тэрбээр "Би нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Багш мэргэжилтэй, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг. Өрхийн үйлдвэрлэлээ анх 2020 оны долдугаар сараас хойш хийж байна. Анх тэлээ бүс хийх санааг яаж олж гаргасан бэ гэхээр гэртээ жирэмсэн байсан үе. Ажилгүй орлого үгүй байна шүү дээ. Манай нөхөр төгсөх курсийн оюутан бас ажилгүй. Дөнгөж тусдаа гарсан залуу хүмүүс орлого үгүй байна. Тэгээд нэг өдөр дүү маань нэг бүс зүүгээд ирсэн. Үнийг нь асуутал 120 мянгаар авсан гэдэг. Хараад байсан чинь би ч хийчих боломжтой юм шиг санагдаад, санаанд багтаад байсан юм. Сэтгэлд багтаад байсан учир би хараад хийнэ гэж шийдсэн. Тэгээд нөхөртөө би ерөөсөө ийм юм хийж зарлаа гэж хэлсэн. Гэтэл мөнгө байхгүй. Тэгээд гар утсаа ломбарданд 50 мянгаар тавиал Нарантуул зах ороод жаахан материал авч ирэхэд хайч үгүй байхгүй. Төмөр нь зэвэрсэн хайчаа ирлэж байгаад хайчилсан. Шөнөжин сууж хийсэн. Гэвч болдоггүй ээ нэг л биш болоод байдаг. Гэхдээ сүүлийнх нь их аятайхан болсон. Тэгээд өглөө хажуу талынхаа ахынхаа утсыг гуйгаад өөрийнхөө фэйсбүүк рүүгээ нэвтэрч ороод хийсэн эд зүйлийнхээ зургийг тавиад зарна, 25 мянган төгрөгөөр захиалга авна гэсэн чинь 2-3 захиалга ороод ирсэн. Тэгээд урам ороод тасралтгүй хийж эхэлсэн дээ.  

Тухайн үед бид хоёр нэг хүүхэдтэй байсан, нэг хүүхэд гэдсэнд амьдрал хэцүү байсныг нуухгүй. Хоногийн хоолгүй, усны мөнгө ч үгүй болж байсан тохиолдол бий. Харин одоо миний бизнес 3 жилийн хугацаанд багагүй хүмүүст танигдсан байна. Тодорхой хэмжээний захиалагчтай, хамтарч ажилладаг байгууллагуудтай, мөн өөрийнхөө хажуугаар гэртээ суудаг хоёр эмэгтэйг цалинжуулаад явж байна даа. 

Анх дандаа онлайнаар захиалгаа авдаг байсан. Сүүлд гэхэд нэг компанитай хамтраад сар болгон 420 ширхэг гоо сайхны жижиг цүнх хийдэг болсон. Мөн Өвөрмонголоос сардаа хэд хэдэн ширхэг бүсний захиалга ороод ирдэг. Сургуульдаа сураад бараг төгсөх үедээ сургуулиа хаяад ажил хийж амьдарна гээд шийдчихсэн. Гэртээ сууж байхдаа хүүхдээ төрүүлээд өсгөөд авлаа. Ажил маань ч өргөжсөн. Тийм болохоор МУБИС-ийнхаа Нийгмийн ухааны сургуулиа төгссөн. Энэ жилээс мэргэжлээрээ ажиллана гээд ажиллаж эхэлсэн. 

Захиалгын бараагаа хүнд өгөх мэдрэмж үнэхээр аймар шүү. Яанаа таалагдах болов уу яах бол, хариу иртэл түгшинэ. Авлаа, баярлалаа таалагдлаа гэдэг хариу сонсох гоё. Баярлаж явах шалтгаантай олон хүн бий. Дуучин Энжигийн ахын компанитай хамтарч ажилладаг. Энжигийн студийн хажууд жижиг өрөө байгаа. Тэнд орж ажиллаач гэсэн. Тэгээд жилийн өмнө орсон. Олон зүйл сурч мэдэж, хамтарч ажиллаж байгаадаа баярладаг" гэлээ. 

 

My Career

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.