| | USD/MNT 0₮

Хайлаастад болсон ноцтой осолд өртсөн айлд 37 сая төгрөг цугларчээ

Өнгөрсөн долоо хоногт Хайлаастын замд зам тээврийн ноцтой осол гарсны улмаас 16 настай охин амиа алдаж, 9-11 насны зургаан хүүхэд, нэг том хүн хүнд бэртэл авсан харамсалтай хэрэг гарсан билээ. Ослын улмаас нэг гэр бүлийн дөрвөн хүн өртсөн байдаг. 25 настай эмэгтэй О хүнд гэмтэл авч дөрвөн удаагийн хагалгаанд орсон бол түүний хүү нь хөл чөмөгний хугаралтай бас хагалгаанд орсон ахынх нь хүүхэд мөн хагалгаанд орсон байдалтай байгаа юм.

Харин энэхүү аймшигт ослын хохирогч болсон ээж Г.Болормаад туслах хандивын аяныг хохирогч О-гийн найз Г.Шинэтуяа гэгч эмэгтэй эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар ээжийн дансанд 37 сая төгрөг цугларчээ. Тэрбээр цугларсан мөнгөөр нь эмчилгээний зардалд тус нэмэр болох, мөн айлын хашаанд амьдардаг тэднийг өөрийн гэсэн хашаа байшинтай болгох зорилготой байгаа талаараа ярьсан байсан юм.

ГССҮТ-д эмчлүүлж байгаа хүүхдүүд болон О-гийн биеийн байдал харьцангуй сайжирч, амин үзүүлэлт нь дээрдэж байгаа гэж ар гэрийнхэнд нь эмч нар хэлжээ. Гэхдээ урт удаан хугацааны нөхөн сэргээх эмчилгээ шаардлагатай тул хугацаа орно гэдгийг хэлсэн байна. Хохирогчид явган хүний замаар гарч явж байгаад хурдтай машинд олуулаа мөргүүлсэн байдаг. 

Энэхүү аймшигтай ослыг эмэгтэй жолооч гаргасан бөгөөд түүнийг цагдан хорьж, хуулийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна. 

 

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.