| | USD/MNT 0₮

ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМГУУДАД ӨВС ТЭЖЭЭЛ ОЛГОХООР БОЛЛОО

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Өвөлжилт хүндэрсэн Архангай, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Завхан, Өмнөговь, Хэнтий, Хөвсгөл, Увс аймаг болон Улаанбаатар хотод нийт 3,8 мянган тонн өвсийг Улсын нөөцөөс үнэгүй олгохоор болов.

Мөн 3000 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан худалдахаар шийдвэрлэлээ. Нэр бүхий аймаг, нийслэл, сумын Засаг даргын Тамгын газар, Онцгой байдал, Үндэсний аврах бригад, нөөцийн салбар, цагдаагийн байгууллагад “УАЗ-22069” маркийн фургон болон “УАЗ-315195” маркийн хантер автомашин, гэр, завь, хөдөлмөр хамгааллын хувцас, жавелин, спирт агуулсан уусмал, тамедин, химодин, амны хаалт зэргийг олгоно.  2019 оны сүүлийн хагаст болсон гамшгийн голомтод ажилласан алба хаагчдын томилолт, урамшуулал болон бусад зардалд шаардагдах хөрөнгийг 2020 оны батлагдсан төсвөөсөө гаргахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд зөвшөөрөв.

Товч мэдээ

- ХУД-т баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусгаж, дэд бүтэц барихтай холбоотой төслийн нэмэлт ажлын магадлалын ерөнхий дүгнэлтээр батлагдсан санхүүжилтийг хянан баталгаажуулж, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлэхээр болов. Барилгын ажил 90 гаруй хувьтай байна..

-Нийгмийн хамгааллын болон тэтгэврийн шинэчлэл, нийгмийн даатгалын багц хуулийн төслийг ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болов. Цаашид хууль эрх зүйн шинэчлэл хийж, нийгмийн даатгалын засаглал, санхүүгийн удирдлагыг боловсронгуй болгон, тэтгэврийн олон давхаргат тогтолцоо нэвтрүүлэхийг зорьж байна.

-“Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын шатахуун хангамжийн менежментийн төсөл”-ийг “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” төрлөөр, концесс эзэмшигчийг шууд гэрээний аргаар сонгох байсан. Шатахуун хангамжийг төрийн өмчит аж ахуйн нэгж хариуцах болсон тул төслийг концессын зүйлийн жагсаалтаас хасав.

-Улаанбаатар хотын ахуйн болон үйлдвэрийн цэвэрлэх байгууламжуудын хог хаягдал, лагийг зориулалтын бус газарт хаях, хог хаягдал хуримтлуулах, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх, үнэр гаргахыг зогсоохыг үүрэг болгов. Энэ чиглэлээр байгууллага, аж ахуйн нэгжүүдэд анхааруулга, зөвлөгөө өгч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгав.

 

Өвөлжилт хүндэрсэн Архангай, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Завхан, Өмнөговь, Хэнтий, Хөвсгөл, Увс аймаг болон Улаанбаатар хотод нийт 3,8 мянган тонн өвсийг Улсын нөөцөөс үнэгүй олгохоор болов.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.