| | USD/MNT 0₮

Т.Бадамжунай, Ц.Анандбазар нарын хэргийг нэгтгэн шүүх эсэхийг Улсын Дээд шүүх хэлэлцэнэ

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай нарт холбогдох хэрэгт холбоотойгоор Улсын дээд шүүхэд эсэргүүцэл бичсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл Улсын Дээд шүүх Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх хурлыг товлосон байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн 2604 дүгээр шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн 175 дугаар магадлалтай, Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Т.Бадамжунайгийн өмгөөлөгч Э.Эрдэнэхишиг, Н.Цэцэгмаа, шүүгдэгч Д.Бямба-Очирын өмгөөлөгч Б.Мөнхбат нарын гаргасан гомдлыг үндэслэн энэ сарын 17-ны өдөр /2024.04.17/ хянан хэлэлцэхээр болсон байна.

Эргэн сануулахад, "Шувуу" ажиллагааны хүрээнд эх оронд нь авчирсан Т.Бадамжунайг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т “төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т “хахууль өгөх”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “мөнгө угаах” гэмт хэрэг холбогдуулан шалгасан байдаг.

Харин Э.Жаргалсайхан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “мөнгө угаах” гэмт хэрэгт, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт тус тус холбогдсон аж.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “хэргийг буруу тусгаарласан”, 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн юм. Тус захирамжид гаргасан прокурорын эсэргүүцлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн Т.Бадамжунай, Ц.Анандбазар нарын үйлдлийг нэгтгэн шийдвэрлэх талаар заасан хэсэг болон шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаануудаас заримыг нөхөн гүйцэтгэх шаардлагатай гэж үзэн хэвээр үлдээсэн. Харин давж заалдах шатны шүүх Т.Бадамжунайд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахуул авах” гэмт хэргийн шинж байгааг шалгах шаардлагатай гэж нэмэлт заалт оруулсан байдаг. Харин уг шийдвэр, магадлалд прокуророос эсэргүүцэл бичиж, Дээд шүүхэд хандаад байгаа юм.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.