| | USD/MNT 0₮
E-Mongolia систем албан ёсоор нээгдсэнээсээ хойш буюу 2020 оны аравдугаар сараас өнөөдрийг хүртэл 86 байгууллагын 1200 гаруй үйлчилгээг цахимжуулж, нийт 1.7 сая хэрэглэгчтэй болоод байна. Сард дунджаар 400 мянган хүн ашиглаж буй тус системийн 3.0 хувилбарыг “И-Монгол Академи” улсын төсөвт үйлдвэрийн газар (УТҮГ) -аас өнгөрсөн оны тавдугаар сард олон нийтэд танилцуулж, шинэ үйлчилгээнүүдээ хүргэж эхэлсэн бол өнгөрсөн гуравдугаар сард эмийн жорын мэдээлэл солилцох боломжийг хангуулж E-Mongolia систем дээр нэвтрүүлээд байгаа билээ. Ингээд тус УТҮГ -ын гүйцэтгэх захирал Б.Мягмарнарантай ярилцлаа.
Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт 19 дэх жилдээ ажиллаж буй тэрбээр өмнө нь “М-Си-Эс Электроникс” компанид ахлах инженер хүртэл дэвшин ажиллаж байгаад Харилцаа холбоо Зохицуулах хорооны Хамтын ажиллагаа, харилцагчийн хэлтсийн дарга, Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын даргын албыг тус тус хашжээ. Улмаар Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын Бодлогын газрын дарга, Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирлаар томилогдон ажилласан байна.
Тун саяхан танай баг Эстони улс руу томилолтоор яваад ирлээ. Цахим шилжилтээрээ тэргүүлэгч Европын энэ улсыг зорьсон шалтгаан, амжуулсан ажлуудынхаа талаар бидэнтэй хуваалцана уу?
Монгол Улс “Нээлттэй засаглалын түншлэл” (Open Government Partnership) олон улсын байгууллагын гишүүнээр элсээд удаагүй байна. Нийт 75 гишүүн улстай уг байгууллага аливаа улс орны засаглалыг нээлттэй, ил тод болгох, ард иргэдийн оролцоог идэвхжүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гишүүн орнуудынхаа дунд нэгдсэн чуулганыг тогтмол зохион байгуулдаг нь энэ жил Эстони улсад болсон бөгөөд манай улсаас нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй баг очиж оролцсон. Энэ үеэр өөрсдийн баримталдаг үндсэн зарчимд нийцсэн, яг одоо тухайн газар орон, бүс нутагт идэвхтэй хэрэгжүүлж буй шилдэг төслүүдийг онцолж, хүндэт өргөмжлөл олгосны дунд E-Mongolia төсөл багтсан. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Засгийн газрын таван "Ш" ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн төсөл болон манай E-Mongolia төслийг санал болгосноос манай систем ийнхүү шалгараад байна.
Мөн энэ үеэр айлчлалын баг тус улсад зохиогдсон Digital Summit арга хэмжээнд оролцож, цахим шилжилтээр тэргүүлж яваа Эстонийн зарим байгууллагаар зочилж туршлага судалсан. Тухайлбал, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал тус улсын Ерөнхий сайд болон парламентын даргатай уулзсан бол “И-Монгол Академи” -ийн хувьд Мэдээлэл технологийн төв, Архивын газар, e-Governance Academy -ийн төлөөлөлтэй уулзсан. Өнөөдөр Эстони улс төрийн үйлчилгээгээ 99 хувь цахимжуулж чадсан байна. Ердөө гуравхан үйлчилгээ л цахимжаагүй үлдсэн нь гэрлэлт, салалт, эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой үйлчилгээ байгаа юм.
Өнгөрсөн тавдугаар сард E-Mongolia 3.0 хувилбарыг олон нийтэд танилцуулсан. Ингэснээр ямар давуу тал, шинэчлэлүүд бий болсон бэ?