| | USD/MNT 0₮

АНУ-ын эмч нар дэлхийд анх удаа гахайн бөөрийг амьд хүнд амжилттай шилжүүлэн суулгажээ

АНУ-ын хэсэг эмч нар дэлхийд анх удаа генетикийн засвартай гахайн бөөрийг амьд хүнд амжилттай шилжүүлэн суулгаснаа өчигдөр зарлажээ.

Бөөрний өвчний эцсийн шатандаа орсон 62 настай эрэгтэйд бөөр шилжүүлэн суулгах дөрвөн цаг үргэлжилсэн хагалгааг Бямба гарагт гүйцэтгэснийг Бостон хот дахь Массачусетсын Нэгдсэн Эмнэлэг мэдээлсэн байна.

Донорын эрхтний хомсдол дэлхий дахинд тулгамдсан асуудал болоод байгаа бөгөөд зөвхөн дээрх эмнэлгийн бөөр шилжүүлэн суулгах хагалгааны хүлээлгийн жагсаалтад 1,400 гаруй өвчтөн байдаг гэнэ.

“Энэхүү эрхтэн шилжүүлэн суулгах арга нь дэлхий даяар бөөрний дутагдалд орсон олон сая өвчтөнд авралын гарц болно гэдэгт бид найдаж байна” гэж хагалгааг гүйцэтгэсэн багийн гишүүн, доктор Тацуо Кавай мэдэгджээ.

Хагалгаанаас өмнө донор бөөрнөөс гахайн хортой генийг салгах, хүний зарим генийг нэмэх генетикийн засварыг гүйцэтгэсэн юм байна.

Өвчтөн болох Массачусетс мужийн Вэймут хотын оршин суугч Ричард Слэймэний бие түргэн сайжирч, удахгүй гэртээ харих төлөвтэй байгааг эмнэлгийн захиргаа мэдээлжээ.

Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин, цусны өндөр даралттай Слэймэн 2018 онд хүний бөөр шилжүүлэн суулгуулж байсан ч таван жилийн дараа уг эрхтэн нь ажиллагаагүй болж байсан гэнэ.

Тэр үеэс хойш өвчтөн диализын аппаратын тусламжтай амьдарч байжээ.

Өөр өөр төрөл зүйлийн амьтдын эрхтнийг хооронд нь шилжүүлэн суулгах арга техникийг судалдаг шинжлэх ухааны салбарыг “xenotransplantation” гэж нэрлэдэг.

Гахайн бөөрийг өмнө нь тархины үхэлд орсон өвчтөнд шилжүүлэн суулгаж байжээ. Тиймээс Слэймэнд хийсэн хагалгаа нь амьд хүнд хийсэн анхны шилжүүлэн суулгалт юм.

Саяхан АНУ-д гахайн зүрхийг хоёр өөр өвчтөнд суулгаж байсан ч хоёул хоёр сар хүрэхгүй хугацааны дараа нас барж байжээ.

 Эх сурвалж: AFP

 

Дэлхий дахинд

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.