| | USD/MNT 0₮

СОНГОЖ БОЛОХГҮЙ УЛС ТӨРЧ ЦУВРАЛ #1: МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯР

Монгол Улсын парламент түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй болох сонгуулийн салхи ширүүсэж эхэллээ. Сонгуульд горьлогчид сонгогчиддоо хайр зарлаж, мөнгө тарааж, дуулж хуурдаж, зурагт радиогоор гэнэт гарч ирцгээв. Энэ жилийн сонгууль сонгогч, ард түмний хувьд одоо байгаа нийгмээ өөрчлөх, шинэ салхи сэвэлзүүлэх СҮҮЛЧИЙН БОЛОМЖ ЮМ. Хэнийг сонгож болох, болохгүй гэдгийг маш сайн ухаж, судалж шинжлэх нь чухал. Тиймээс иргэдээ сонгогчийн боловсролтой, хурц мэргэн байгаасай гэх үүднээс СОНГОЖ БОЛОХГҮЙ УЛС ТӨРЧДЫГ цувралаар хүргэж байна.

СОНГОЖ БОЛОХГҮЙ УЛС ТӨРЧ ЦУВРАЛ #1: МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН САНЖИЙН БАЯР

Монголд өнөөдөр цувдай иддэг хүмүүс байдаг юм уу? Цувдай ер нь хаачсан юм бэ” хэмээн Баяртай үдэш нэвтрүүлгээр эргэн ирсэн УИХ-ын гишүүн асан С.Баяр ард түмний амьдарлаас тасарч тэнгэрийн амьтан гэдгээ ард түмэндээ гэрчиллээ. Монголын улс төрийн тогоонд 30 жил буцалж явсан хүн ард иргэдтэйгээ хэр хол зайтай байсныг энэ ярианаас тодхон харж болно.

ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ГЭРЭЭГ ХИЙСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН АСАН С.БАЯР ХЭД ХЭДЭН АСУУДЛААР БУРУУТГАГДАЖ ШҮҮХЭЭС ТАВАН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ СОНСОЖ ХУГАЦААНААСАА ӨМНӨ СУЛЛАГДАЖ БАЙСАН ТҮҮХТЭЙ.

Хэргийг эргэн сануулбал, Ерөнхий сайд асан С.Баяр дээрх гэрээнүүдийг байгуулахдаа албан тушаалаа ашиглаж, “Оюутолгой” ХХК болон хөрөнгө оруулагч “Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниудад давуу байдал, таатай нөхцлийг, олгож Монгол Улсын татварын хууль тогтоомжуудыг зөрчиж, зохицуулалтыг муудуулсан. Үүний улмаас Монгол Улс дээрх компаниудаас 2 761 789 570 000 төгрөгийн татварыг авч чадахгүй хохирсон гэж хууль хяналтын байгууллагууд үзсэн юм.

Улмаар анхан шатны шүүхээс С.Баярыг таван жилийн хорих ялаар шийтгэсэн бөгөөд хууль бусаар олсон 5 тэрбум 580 сая 440 төгрөгийг хураан авч улсын орлого болгох шийдвэр гаргасан аж. Аавын хаалганы ард суухаараа өвчин нь сэдэрдэг эрин үед суусан сайд өнөө шалтгаанаар хугацаанаасаа өмнө суллагдаж байв. Түүний хар түүх энэ хүрээд дуусахгүй 30 жил эх орныхоо нэрийн дор гэх үгний ард бидний болон үр хүүхдүүдийн бүх боломжийг хумсалсан.

Явах өдөр байхад ирэх өдөр ирнээ хэмээн жиргэсэн С.Баяр парламентад эргэн ирэх төлөвлөгөөндөө орсон бололтой

Угтаа манай улсад өнөөдөр ард иргэдийн боломжийг хулгайлсан, улс орноо тоносон цаашлаад ял эдэлж байсан гэмт хэрэгтнүүдийн төрийн суудал дүүрэх учиргүй. Харин сонгогчид бид 20, 30 мянган төгрөг, хайрцаг алим, кг гурилаар саналаа худалддаг бус ирээдүй хойчийнхоо төлөө сонгох гэж буй гишүүнээ бага ч болов судалж, намтар түүхтэй нь танилцаж нягталж үзэх нь нэн чухал гэдгийг дахин үзэглэе.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.