| | USD/MNT 0₮

Ё.Баатарбилэг: 14 мянган оюутны сургалтын зээл буюу дипломыг чөлөөлнө

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг оюутны зээлтэй холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Би та бүхнээр дамжуулан хоёр мэдээллийг иргэдэд хүргэх юм. Эхнийх нь өчигдөр хэлсэнчлэн ЕБС-ийн бүх сурагчаас төгсөлтийн болон улсын шалгалт авахгүй. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор багш болон эцэг эхээс нэлээдгүй асуултууд ирж байгаа. Тухайлбал, хичээлийн эцсийн дүнг хэрхэн тооцохыг асууж байна лээ. Шалгалтууд цуцлагдсан тул жилийн эцсийн дүнгээ улирлуудынхаа дүнгээрээ нэгтгэж гаргана.

Харин элсэлтийн ерөнхий шалгалтыг хугацаанд нь авна. Монгол хэлний шалгалтыг дөрөвдүгээр сарын 25-нд болон тавдугаар сарын 16-нд хоёр удаа авна.

Хоёрдугаарт, “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн асуудал байгаа.

1993 онд Сургалтын төрийн сан гэж байгуулснаас хойш амьжиргааны баталгаажих төвшингөөс доош доогуур орлоготой айл өрх, тэтгэврийн, өрх толгойлсон, өнчин, сургалтын чанар сайтай, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад сургалтын төлбөрийг төлж хөнгөлж өгдөг сан юм. Ингэхдээ сурлагын чанар өндөр, төгсөөд ажил мэргэжлээрээ таваас дээш жил нийгмийн даатгалын шимтгэлээ төлж ажиллавал дипломыг нь буцааж өгөх гэрээ хийдэг. Гэрээний үүргээ биелүүлсэн иргэдийнхээ дипломыг төр олгох хэрэгтэй. Дээрх төсөл нь амьжиргааны түвшнээс бага орлоготой оюутнуудад сургалтын зээл өгч, эргээд зээлийг нь төлүүлэх юм. Сайн сурлагатай, амьдралын боломж муутай залуусаа Монголын төр дэмжих ёстой. Үүнийг улстөржүүлж байгаад харамсаж байна. Зарим нь ийм сан байдаг гэдгийг ч дуулаагүй юм байна гэж хэлсэн байсан. Талхны үнээ ч мэддэггүй юм чинь ийм сан байдаг гэдгийг мэдэхгүй байх нь аргагүй.

Гадаадад суралцсан хүмүүсийн хувьд сүүлийн 20-иод жилийн хугацаанд 1700 орчим залуус гадаадад суралцаж, төгссөн. Энэ бол ганцхан Боловсролын зээлийн сангийн шугамаар явсан хэрэг биш. Засгийн газар хоорондын тэтгэлгээр явсан хүмүүс ч бий. Тэд дотоодынхтой ижил шугамаар шийдэгддэг. Гэрээнийхээ биелэлтийг дүгнүүлээд дипломоо чөлөөлүүлдэг. Гэрээгээрээ зээл эргэн төлөгдөх нь төлөгдөөд, чөлөөлөгдөх нь чөлөөлөгддөг. Одоогийн байдлаар зээлээ эргэн төлөөгүй 170 орчим хүний асуудал бий. Үүн дээр ажлын хэсэг гарч тухайн хүмүүстэй нь холбогдоод зээлийг эргэн төлүүлэх ажлыг хийж байна.

14 мянган хүн гээд байгаа нь дотоодын их дээд сургуулиудыг төгссөн залуусын асуудал юм. Жилд 70 орчим тэрбум төгрөг төсөвлөгддөг. Бидний тооцооллоор энэ онд дахин 10 мянган оюутан зээлийн санд хамрагдана. Өмнөх дипломын чөлөөлөлтөд 26 мянган оюутан хамрагдсан бол одоо 14 мянган оюутан бий. Тэдэнд дипломыг нь өгье.

Би дахин хэлье. Дотоодын их сургуульд сурсан ч 4-5 жил ажил хийгээгүй бол төлбөрөө эргэн төлөх ёстой. Тус тогтоолд энэхүү журам үйлчилнэ” гэв.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг оюутны зээлтэй холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.