| | USD/MNT 0₮

Х.Нямбаатар: Нийслэлд явах авто машины хязгаарыг замынхаа даацад тааруулж тогтоогоод, авто замынхаа сүлжээг өргөтгөх ажлыг хийх зайлшгүй хэрэгцээтэй

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр /2024.02.08/ Улаанбаатар хотын авто замын даацын талаар мэдээлэв.

Тэрбээр, “Улаанбаатар хотын 4-р ерөнхий төлөвлөгөөг анх хийхдээ авто замын даацыг 85 мянган машин явахаар төлөвлөсөн. Гэтэл өнөөдөр 700.000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Бид энэ өсөлтийг тодорхой хэмжээнд хязгаарлахгүйгээр цаашид замын хөдөлгөөнд оролцох боломжгүй нөхцөлд хүрсэн. Энэ байдлаараа явбал тун удахгүй 1 сая тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох тооцоо бий. 2013 оны байдлаар нийслэлд бүртгэлтэй авто машины тоо 300 мянга гаруй байсан. Түүнээс хойш хот замынхаа даацыг 25 хувиар нэмэгдүүлсэн ч, нөгөө талдаа авто машины тоо 100 хувиар нэмэгдсэн. Өнөөдөр бидний машинууд зам дээрээ багтахгүй болсон гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч шийдлээ ярих цаг хэдийн болсон. Нийслэлд явах авто машины хязгаарыг замынхаа даацад тааруулж тогтоогоод, авто замынхаа сүлжээг өргөтгөх ажлыг хийх зайлшгүй хэрэгцээ байна. Манай сөрөг хүчний нөхөд авто машины импортын татварыг нэмэхийн эсрэг жагсаал хийж, төв талбай дээр машин тэрэг шатааж байсан. Үүний дүнд тэр ажил таг зогссон. Улс орон, хот, нийтийн эрх ашгийг бодохгүйгээр улс төрийн ашиг хонжоо хайж, явцуу улс төр хийдэг байдлаа одоо болимоор байна. Сөрөг хүчин улс төр хийж болно. Гэхдээ улс орноо хорлох ажиллагаа хийхээ зогсоох хэрэгтэй” гэлээ.

 

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.