| | USD/MNT 0₮

ГУРВАН САЯ МОНГОЛЧУУДАД 30 ОРЧИМ ТӨРЛИЙН ГАДНЫ ШАШНЫ ГАЖ УРСГАЛ БАЙНА

Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр манайд үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийд, гадны шашны урсгалыг энэ сарын 30 хүртэл зогсоохоор болсон билээ.

Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээлэхдээ “Нийслэлийн хэмжээнд шашны 15 урсгалын 321 сүм, хийд үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал, буддын 80, христийн 189, шашны бусад урсгалын 52 сүм хийд үйл ажиллагаа явуулж байна” гэж ярьсан.

Дэлхий зарим улс оронд хуулиар хориглосон гаж буруу урсгалтай шашнууд ч цөөнгүй бий.  БНСУ-д коронавиурсын голомт болчихоод байгаа христийн Шинчонжи урсгалын хоёр салбар манайд байдаг бөгөөд халдвар гарсны дараа тэндээс ирсэн итгэгчид ч байгаа гэх мэдээлэл гарч байсан юм.

Шинчонжи (ShinChonJi) буюу Шинэ Тэнгэр Газар

Энэ гаж урсгал нь энэ нэрээрээ хэзээ ч сүм болон цуглаанаа нэрлэдэггүй тул энэ нэрээрээ анхааралд өртөх нь бага байдаг. Монголд орж ирээд арваад жил гаруй болж үйл ажиллагаагаа улам их өргөжүүлэн ажиллаж байна.

Энэ урсгалынханы явуулдаг тархи угаах арга буюу гишүүн элсүүлэх арга:

Анхан дунд гүнзгий гэх гурван шатны библийн сургалт хичээллүүлнэ. Энэхүү сургалтанд хамрагдах боломжгүй тохиолдолд ганцаарчилан хичээл заана. Шат болгоны дараа шалгалт авах ба багш нар нь дараагийн шатанд орох хэмжээнд тархи нь угаагдсан байна гэж үзвэл дараагийн шатанд элсэж орно. Энэ 3 шатны сургалтыг амжилттай дүүргэсний эцэст Шинчонжи(ShinChonJi) гийн жинхэн гишүүн болж гэрчилгээгээ гардаж авна.

Энэ мөчид суралцагч И Ман ХИ гэгч энэхүү гаж урсгалыг үндэслэгчийг бурханаас илгээгдсэн элч буюу төгсгөлийн үеийн Есүсийн 2 дахь ирсэн дүр гэж итгэж үнэмшсэн байдаг. Үүгээрээ И Ман Хи-гийн хэлсэн болгоныг Бурхны үг хэмээн үг дуугүй даган биелүүлдэг. Өөрөөр хэлбэл бүх хүнийг энэ гаж урсгалд элсүүлэхийн төлөө бие сэтгэл, байгаа бүхнээ зориулна гэсэн үг. Энэ андгай тангаргаа ч өргөж байж гишүүн болдог байна. 

Манай улс аливаа шашныг Үндсэн хуулиараа хүндэтгэж, ижил тэгш эрхтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Тиймдээ ч гадны шашны олон төрлийн урсгалууд манайд эрх чөлөөтэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.

Хэдэн жилийн өмнө христийн сүм хийдийн хэв маягтай байшин цөөхөн харагддаг байсан бол одоо оройдоо загалмай хадсан сүм хийд хаа сайгүй таарах болсон. Хамгийн өнгөтэй өөдтэй барилга нь христийн сүм байгааг та ч харж буй. Нийслэлийн төв цэгээс бусад газар бүх дүүргийн нутаг дэвсгэрт, цаашлаад хөдөөх сум болгонд шахуу модон загалмайт байшин нэмж сүндэрлэсээр. Түүн дотор юу өрнөдөг нь тэр бүр тодорхой биш.

Гэтэл энэ байдал сүүлийн жилүүдэд их хэмжээгээр нэмэгдэж, өсвөр үеийн хүүхэд багачууд, нийгмийн доод давхаргын иргэдийг олноор хамруулах болсон. Гадны гаж урсгалууд манайд төвхнөж, тухалсаар газар нутгаар ч том хэмжээ хамарсаар байна. Гурван сая монголчуудад 30 орчим төрлийн шашны гаж урсгал байна гэсэн тоо ч бий .

Жишээлбэл, Баянзүрх дүүргийн хэмжээнд гэхэд бүртгэлтэй 133 сүм хийдээс 55 нь ямар нэг зөрчилтэй. Тэд хүүхэд залуусын тархийг угаасан зүй бус зан үйлдэлд хамруулж, тэдгээр нь гаж сэтгэлгээ, хэвийн бус байдлыг төрүүлэхүйц байгаа нь ихээхэн айдаст автуулж байна.

Аливаа зүйлийн тунгийг хэтрүүлэх аваас хор болдог. Манайд олноор бий болж үйл ажиллагаа явуулж байгаа христийн сүм, гаж урсгалуудыг хууль хяналтын байгууллага болон холбогдох албаныхан анхааралдаа авах цаг нь болсон. Харийн шашны зүй бус үйлдлийг таслан зогсоох ёстой төр засгийн ажилтнууд маань эсрэгээрээ тэдэнд үйлчилж, хорооныхоо хүмүүсийн бүртгэл мэдээллийг өгөөд зогсохгүй орон байраар хангаж байгаа нь наанадаж төрийн албан хаагчийн ёс зүйд, цаашлаад улс орны үндэсний аюулгүй байдалд хамаагүй гэж үү.

Шүтэх, эс шүтэх хувь хүний эрхийг “сайн дур”-ын гэх сайхан нэрийн дор хүчээр шүтүүлэх албадлага болгон хувиргаж байгаа үүн шиг, үүнээс ч ноцтой үйлдэл хаа сайгүй өрнөсөөр л байна.

Улс орны ирээдүй болсон балчир хүүхдүүд, үзэл бодол нь хараахан төлөвшиж амжаагүй байгаа залуусын тархи гадны шашны сөрөг нөлөөнд угаагдаж байгаа нь эмгэнэлтэй. Тэдэнд төрүүлж өсгөсөн ижий ааваа гэх сэтгэл, төрж өссөн эх орноо гэсэн сэтгэл байхгүй, харийн хүнийг ааваа хэмээн хайрлаж хүндэлж байгаа нь үнэхээр харамсалтай.

Бидний ядуу буурай байдлыг ашиглан энэ мэтээр явсаар байвал улс орны дархлаа болсон өв уламжлал, соёл орхигдож гээгдэнэ. Ер нь шашны гаж урсгалууд гэр хороолол болон өлөн зэлмүүн амьдралтай айлын хүүхдүүдийг хоол өгч уруу татдаг юм. Тиймээс энэ цаг үед оюун санаа нь булингартай байгаа үед олон шашныг хязгаарлах төрийн зохицуулалт яалт ч үгүй шаардагдаж байна.

Нийслэлийн хэмжээнд шашны 15 урсгалын 321 сүм, хийд үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал, буддын 80, христийн 189, шашны бусад урсгалын 52 сүм хийд үйл ажиллагаа явуулж байна
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.