| | USD/MNT 0₮

ТҮРЭЭСЛЭГЧДИЙН ЭРСДЭЛИЙГ ТӨР ХУВААЛЦАХ ЁСТОЙ ЮУ

Дэлхий нийтэд тархаад байгаа коронавирусын халдварын нөхцөл байдал манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, бизнес эрхлэгчид болон түрээслэгчид түрээсээ төлж чадахгүй хүнд нөхцөл байдалд ороод байна.

Тиймээс зарим худалдааны томоохон төвүүд түрээсээ 30-60 хувь болтлоо буулгаж, түрээслэгч нарынхаа үүрэх хүнд ачааг хөнгөлж байгаа нь таатай ч хөл хорио тогтоосноос болж түрээслэгчид 10 хувийн ч орлого үгүй ажиллаж, түрээсээ төлж чадахгүй байна гэдгээ учирлажээ.

Иймэрхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг эдийн засгийн харилцаанд оролцогч хэн бүхэн хамтдаа даван туулах, ойлголцох, хуулийн хүрээнд шийдвэрлэх, эрсдэлээ хуваалцах, төр болон арилжааны банкууд анхаарах ёстой гэж түрээслэгчид үзэж байна.

Тодруулбал, нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд гэдэг ангилалд хамаарах 50 гаруй мянган аж ахуй нэгж байна. Бүртгэлгүй хувиараа буюу лангуу түрээсэлдэг 60 мянга орчим хүн бий. Жижиг том гэлтгүй бизнес эрхлэгчдийн 95 хувь нь бүгд түрээс төлдөг аж.

Тиймээс түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийг НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат тэргүүтэй хүмүүс байгуулжээ.

Өчигдөр тус зөвлөлөөс Монголын хуульчдын холбоотой уулзаж, хуулийн талын гарц, гаргалгаа цаашид жижиг дунд үйлдвэрлэгч, түрээслэгчдийн эрх зүйн талаас боломжууд юу байгаа талаар ярилцжээ.

Хуульчдын ярьж байгаагаар онцгой нөхцөл байдал үүссэн үед зориулсан бие даасан хууль хэрэгтэй байгааг хэлж байна. Иргэний хуульд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой заалтууд байгаа ч гэсэн одоогийн нөхцөл байдлыг зохицуулж чадахааргүй. Ер нь гэнэтийн хүчин зүйлд үүнтэй холбоотой хууль гаргахгүй бол түрээслэгч, түрээслүүлэгч буюу янз бүрийн бизнесийн харилцагчид хоорондоо шүүхдэж эхэлдэг гэнэ.

Харин түрээслэгчдийн хэлж буйгаар гэнэтийн нөхцөл байдалд үүссэн эрсдэлийг төр хамтдаа үүрэлцэх ёстой. Одоо байгаа нөхцөл байдал цаашдаа хэр хэдийн хугацаанд үргэлжлэхийг тааж мэдэхгүй. Дахиад хоёр сар үргэлжилбэл бизнес хийдэг хүмүүс эргэлтийн хөрөнгө мөнгөгүй болно.

Тэгэхээр бизнэс эрхлэгчид эмзэг бүлэг рүү шууд орно. Тиймээс төр эрсдэлийг хуваалцаж, даруй хэрэгтэй арга хэмжээ авахгүй бол бичил буюу ждү эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэд ажлын байр үгүй, амьдрал зогсоно гэсэн тайлбарыг өгөөд байгаа ажээ.

 

Дэлхий нийтэд тархаад байгаа коронавирусын халдварын нөхцөл байдал манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, бизнес эрхлэгчид болон түрээслэгчид түрээсээ төлж чадахгүй хүнд нөхцөл байдалд ороод байна.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.