| | USD/MNT 0₮
Өчигдөр буюу энэ сарын 31-ний өдөр Улсын дээд шүүхээр УБТЗ-ийн Тээвэр зохицуулалтын газрын даргын орлогчоор ажиллаж байсан С.Батдөл нарын нийт зургаан хүнд холбогдох авлига, албан тушаалын хэргийг шүүх байв ч шүүгдэгч нарын өмгөөлөгч нар хүндэтгэх шалтгаангүй хурал ирээгүй тул тодорхойгүй хугацаар хуралдааныг хойшлуулах шийдвэрийг гаргав.
Эл хэрэг анхнаасаа л бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж онц их хэмжээний ашиг олсон гэдгийг С.Батдөлийн гэрээс олдсон 7.3 тэрбум төгрөгөөс илхэн байв.
Хэрэг олон нийтийн анхааралд хүрсэн цагаас эхлэн УБТЗ-ын эрх бүхий албан тушаалтнууд болох одоогийн Тээвэр зохицуулалтын газрын дарга Д.Амарбаясгалан болон УБТЗ-ын ХНН-ийн дарга Х.Хэрлэн нарыг шалгаагүй. Эдгээр хүмүүсийг шалгахгүй авлигалын хэргийг нь нэг хүнд тохоод өнгөрөх нь гэсэн мэдээлэл тухайн үедээ цацагдаж, УБТЗ-ын Үйлдвэрчний эвлэлийнхэн шалгахыг шаардсан байдаг.
Гэтэл хэрэг явсаар бүтэн жилийн хугацаанд том дарга нар болох Д.Амарбаясгалан болон Х.Хэрлэн нарыг шалгах нь битгий хэл нэг ч удаа дуудаж мэдүүлэг аваагүй нь гайхмаар мөрдөн шалгах ажиллагаа байв. Угтаа бол авлига албан тушаалын хэрэг үйлдэгдсэн газрын албан тушаалтнуудыг нийтэд нь шалгаж, нэг албанд ажиллаж байсан, шууд удирдлагаар хангаж байсан хүмүүсээс ядаж гэрчийн мэдүүлэг авах ёстой байв.
Харин энэ хэргийн хамгийн хачирхалтай нь шууд үүрэг чиглэл өгдөг удирдлагууд олон хэлтсийн дарга Д.Амарбаясгалангаас мэдүүлэг аваагүй Улсын Дээд шүүх хүртлээ хэрэг үргэлжилсээр байна.
Д.Амарбаясгалан даргын төрсөн дүү АТГ-ын даргаар ажилладаг байдал нь түүнд шууд утгаараа давуу байдал бий болгодог гэх мэдээлэл бий.
Тухайлбал, Улаанбаатар төмөр зам аж ахуй нэгжүүдийг дээрэмддэг талаар гомдол мэдээллийг АТГ-т бичгээр хүргүүлэхэд тэндээ алга болдог гэх албан бус мэдээлэл хөвөрдөг. Энэ удаагийн С.Батдөл нарын хэрэг дээр ч мөн адил зарчим үйлчилсэн гэлтэй.
ХЭРГИЙГ НЭХЭН САНУУЛБАЛ, С.Батдөл нь нийтийн албан тушаалтан буюу Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль авсан, гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдах зорилгоор хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авч мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, нийтийн албан тушаалтан хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн эх үүсвэрийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт С.Баттулга нь С.Батдөлийн хахууль авсан үйлдэлд хамжигчаар хамтран оролцсон, мөн гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж өөрийн нэр дээр орон сууц худалдан авч мөнгө угаасан гэмт хэрэгт, Р.Дашбилэг, Р.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол нар нь үргэлжилсэн үйлдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор С.Батдөлд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.