| | USD/MNT 0₮
Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд судалгаа хийж байгаа талаар хотын дарга Х.Нямбаатар мэдэгдэл хийлээ.
Тэрбээр "Нийтийн тээврийн зорчилтыг 40 хувиар бууруулах төлөвлөгөө гаргасан юм. Бидний зүгээс нэгдүгээр сард автобусны шинэчлэлийн ажлыг эцэслэнэ. Энэ сардаа багтаж шинэ автобусаа оруулж ирнэ. Эхний ээлжинд энэ сарын 20-ны өдрөөс хэрэгжих богинын чиглэлийн шинэчлэлт түгжрэлд хэрхэн нөлөөлөхөөс шалтгаалан үргэлжлүүлэх эсэхийг шийднэ.
Мөн Улаанбаатар смарт карт нь төлбөр тооцооны хариуцлага хүлээдэггүй учраас одоогоор хамтын ажиллагаагаа цуцалсан. Тус байгууллагын ТУЗ хуралдаад бидэнд эцсийн байдлаар санал илгээнэ гэсэн боловч одоогоор санал ирээгүй байна.
Хоёрдугаар сард нийслэлийн нийтийн тээвэр хөгжүүлэх сангаас такси үйлчилгээг стандартад оруулах юм. Тусгай зөвшөөрөл эзэмших хувь хүн болон байгууллагын хүсэлтийг харгалзан үзэх юм.
Мөн түгжрэлийг бууруулах зорилгоор нэгдүгээр эгнээг чөлөөлөхөөр нийтдээ босоо чиглэлийн 214, хэвтээ чиглэлийн 74 тэмдэг тэмдэглэгээг хийхээр үйл ажиллагаагаа эхэлсэн. Замын голд байрлуулсан хашааг замын хөдөлгөөнд саад учруулдаг учраас сольж байгаа юм. Мөн олон улсад камерын нээлттэй тендер зарласан. Нэгдүгээр эгнээгээр зорчих, автозамын дүрэм зөрчсөн зөрчлийг түргэн шуурхай илрүүлэхээр камер суурилуулна. Энэхүү камерын шинэчлэлтэд зориулан 84 тэрбум төлөвлөсөн.
85 мянган машин зорчих зориулалттай зам дээр 500 мянган машин зорчиж байна. Автомашины бүртгэл 700 гаруй мянга давсан. Тиймээс шинээр дугаар олгохыг хязгаарлах төлөвлөгөөтэй байна.
Улаанбаатар хотод гурван газар үнэ төлбөргүй зогсоол байршуулна. Хөдөө орон нутгийн автомашин нийслэлд эхний 48 цагт 1000 төгрөгөөр, илүү гарвал өндөр төлбөртэй зорчдог болгохоор хуулийн төсөл өргөн барьсан.
Мөн энэ ондоо багтаж дүүжин тээврийг ашиглалтад оруулна. Дүүжин тээврийн хоёр шугам байгаа. Зайсан толгойн зүүн энгэрээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр Шангрилагийн өмнөх талбай дээр ирэх гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа" гэлээ.