| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал нэгдүгээр сарын 18-нд болно. Өмнө нь тус хурлыг 12 сард хийх байсан ч гэрчүүд ирээгүй гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулж байсан билээ.
Хамгийн хачирхалтай нь УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Надад үүсгэсэн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Би нүүрсний хулгайч биш. 22.1 дэх заалтаар хэрэг үүсгэж буй нь ямар ч үндэслэлгүй. Өөр тайлбар алга" хэмээн хэвлэлийнхэнд гомдлоо тайлбарлаж байв.
Харин ЕТГ-ын дарга асан З.Энхболд "Жилийн өмнө эхэлсэн нүүрсний хулгай гэдэг зүйлтэй намайг холбох гэж их үзэж байна. Энэ удаагийн шүүх хурал үүнтэй ямар ч холбоогүй. Би яаж байгаад Б.Энх-Амгалан сайдтай холбогдсон гэдгээ мэдэхгүй байна. Шүүх хурлаас мэдээлэл авлаа. Монгол Улсад Тавантолгойн ашиг үлдэх ёстой гэдэг УИХ-ын 2017 оны тогтоол бий. Гэтэл өнөөдөр шүүхийн тогтоол тэс өөр зүгт чиглэж. Улс төрийн бүлэглэл хоорондоо зөрчилдөж байна" гэж ярьж байна билээ.
Уг нь хуулийн байгууллагаас УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгаланг 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх Страто ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татсан.
Харин З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татсан. Гэтэл гэнэтхэн хоёулаа яагаад яллагдагч болсноо ч мэдэхгүй, ямар ч байсан шүүх хуралд оролцохоор явдаг болж таарах уу. Энэ хурал нь ч тэгээд хэзээ болтол хойшилж, хэдийг хүртэл сунжрах юм болдоо.
Эх сурвалж: Erennews.mn