| | USD/MNT 0₮

КОРОНАВИРУСЫН ТАРХАЛТ 64 ОРОНД БҮРТГЭГДСНЭЭС ИТАЛИ, ИРАН, БНСУ, ЯПОН ЗЭРЭГ ОРОН ХАЛДВАРЫН ГОЛОМТ БОЛООД БАЙНА

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр коронавирусийн талаарх цаг үеийн мэдээллийг өглөө.

COVID-19 вирусын тархалтын тохиолдол нийт 64 оронд бүртгэгдээд байна. Үүнээс Итали, Герман, БНСУ, Япон зэрэг оронд халдварын голомт эрчимтэй тархаж байгаа юм. 

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунаа “ДЭМБ-ын мэдээгээр 24 цагийн дотор 1739 шинэ халдвар бүртгэгдэж нийт тохиолдлын тоо 87137 болж, нас баралт 2977-д хүрчээ.  Итали Улсад тохиолдлын тоо 50 хувиар нэмэгдэж 1694-т хүрч нас баралт наймаар нэмэгдэж 34 болжээ.

Иранд 385 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт тохиолдлын тоо 978, нас баралт 54-т хүрэв. Иран нас баралтын тоогоор БНХАУ-ын дараагаар орж байна. Японд тохиолдлын тоо 239, нас баралт 5 болжээ. Гэр бүлийн дундах гурван жижиг голомт байна. Дэгдэлтийг хязгаарлах таслан зогсоох боломж байна. Авч байгаа арга хэмжээ бол иргэн бүрийн үүрэг хариуцлага болчихоод байна гэдгийг ДЭМБ-аас анхааруулж байна” гэлээ.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл “ЭМЯ өдөр болгон мэдээллээ өгч байна. Өчигдрийн байдлаар зургаан улсад нэмж бүртгэгдсэн байна. ДЭМБ-аас гараа сайтар савандаж угаах, халдвагүйжүүлэлт хэрэглэх, амны хаалтаа зүүж хэвших зөвлөмжийг өгч байна. Манай улсын иргэд энэхүү зөвлөмжийг сайтар сахиж байгаа нь бохир гараар дамждаг өвчлөл 1,3-2,9 дахин буурсан үзүүлэлтээ харагдаж байгаа. Мөн томуу өвчин буурсан байна.

Ард иргэд энэхүү зөвлөмжийг дагаад байвал ковид 19-өөс биш халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж болдгийг харуулж байна” гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд тусгаарлагдсан 2, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 9, нийт 11 иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан.

Гуравдугаар сарын 1-нд ХӨСҮТ-д 2, Сэлэнгэ аймагт 3 сэжигтэй тохиолдлыг тусгаарлан, тандалт судалгаа, эмчийн үзлэг, лабораторийн шинжилгээ хийж байна. Ажиглалтад өчигдөр ХӨСҮТ-д 8, Сэлэнгэд 13 хүнийг тус бүр авсан” гэв.  

Улсын хэмжээнд нийт 700 гаруй хүнийг тусгаарлаж ажиглалтад авснаас өнөөдрийн байдлаар 335 хүнийг ажиглалтад аваад байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Ажиглалтад байгаа хүмүүс одоогоор төлбөр төлсөн тохиолдол байхгүй.  Нэг иргэнд ямар өртөг гаргаж байна вэ гэдгийг хамтраад гаргана.

Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Япон, Иран, Итал, БНСУ-аас Монголд ирж байгаа гадаадын иргэдэд тайлбар хийгээд хилээр оруулахгүй байгаа. Монгол Улсын иргэн орж ирсэн нөхцөлд 14 хоног заавал тусгаарлагдана, ажиглалтад байх юм шүү гэдэг мэдээллийг гадаадад байгаа Монгол иргэдэд өгч байгаа. Мөн Алтанбүс боомтоор ирсэн иргэдийг тусгаарлан сэргийлж ажиллаж байна. Сэлэнгээс ирж байгаа хүмүүсийг Дархан-Уул аймагт тусгаарлах ажлыг ч хийхээр бэлтгэл ажлаа хангасан байгаа. Одоогоор хэчнээн Монгол Улсын иргэн эх орондоо ирэх вэ гэдэг мэдээлэл байхгүй байна” гэв.

ЭМЯ-ын газрын дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвараас хохирол багатай даван туулах нь гол зорилт.  Нэг л хүн өвдвөл хэчнээн хүчирхэг эдийн засагтай орон байлаа ч, анагаахын шинжлэх ухаан нь хөгжсөн орон байлаа ч хүчин мөхөстөж байна.

Монгол оронд эл халдвар орж ирэх юм бол олон зүйл дээр бид хүчин мөхөстөнө, тиймээс урьдчилан сэргийлэх нь чухал байна. Олон улсад халдвар тархаад байгаа гол шалтгаан нь халдварын голомттой газруудаар аялал хийсэнтэй холбоотой гэж үзэж байна. Өвчлөл нэлээд өндөр эрсдэлтэй нутгаас ирсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлах нь зүйтэй" гэдгийг хэллээ.

COVID-19 вирусын тархалтын тохиолдол нийт 64 оронд бүртгэгдээд байна. Үүнээс Итали, Герман, БНСУ, Япон зэрэг оронд халдварын голомт эрчимтэй тархаж байгаа юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.