| | USD/MNT 0₮
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр /2024.01.10/ хуралдсан. Хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцсөн байна. Тухайлбал, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Воршиловын Энхболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаярыг томилох саналыг танилцуулжээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсаас гадаад улсад суух Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Ташрамд дурдахад, Элчин сайд, Байнгын төлөөлөгч нь Монгол Улсын олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх, хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд суугаа болон хавсран суугаа улс, олон улсын байгууллагадаа Монгол Улсыг төлөөлөн ажиллаж, ашиг сонирхол болон эрхийг нь хамгаалах, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын хөгжлийн зорилтыг шийдвэрлэхэд шаардагдах судалгааг хийж, төр, засгийн байгууллагыг мэдээллээр хангах, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, хоёр болон олон талын харилцааны асуудлаар яриа, хэлэлцээ хийх, гэрээ хэлэлцээр байгуулах, Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг олон улсын эрх зүй, суугаа орны хууль тогтоомжийн дагуу хамгаалж ажилладгаас гадна тэргүүлж буй Дипломат төлөөлөгчийн газрынхаа үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэгтэй байдаг.