| | USD/MNT 0₮
АН-аас өнөөдөр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын Дэд дарга П.Галиндэв дараах байр суурийг илэрхийлсэн юм. Тэрбээр "2023 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Хөрөнгө оруулалтын тухай хуулийг Ч.Хүрэлбаатар өргөн барьсан. Энэ хууль Хөрөнгө оруулалтын гэх нэртэй боловч хөрөнгө оруулалтыг татах биш гадаад иргэдийг монголд суурьшуулах зорилготой хууль. Хууль өргөн баригдсан үед Ч.Хүрэлбаатарыг ҮХЦ-д өгч байсан. Хуулийн төслийг эргүүлэн татсан гэж ойлгосон. Гэтэл дахиад УИХ-аар ороод ирсэн. Өмнөх Хөрөнгө оруулалтын хуульд гадаадын иргэн ААН 100 мянган ам.доллар ба түүнээс дээш хөрөнгө оруулалт хийж байж хөрөнгө оруулагч болно гэж заасан байсан. Гэтэл хуулийн төсөлд 100 мянга гэдэг босгыг авч хаясан. 100 төгрөг оруулахад л монголд гаднын иргэн хөрөнгө оруулагч болж хувирна. Ингэснээр МУ-ын иргэнд ч байхгүй давуу эрхүүд үүсч байна. Жишээлбэл, 100 жилээр газар эзэмших эрх нээгдэнэ. 100 жилээр газар эзэмшиж байгаа нэг ч монгол хүн байхгүй. Гэтэл Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан хуулиар сая төгрөгөөр компани байгуулсан дурын гадаад иргэн дуртай газраа 100 жилээр эзэмших эрх үүсч байгаа. Үүнээс гадна гэр бүлээрээ оршин суух эрх үүсч байна. Тиймээс л Ч.Хүрэлбаатарын санаачилсан энэ хуулийг хөрөнгө оруулалтыг татах биш гадаад иргэдийг монголд суурьшуулах хууль гээд байгаа юм. Тиймээс энэ хуулийг хэрхэвч батлуулж болохгүй" гэв.