| | USD/MNT 0₮

НҮҮРСНИЙ СОНСГОЛ: “Админерал” ХХК байгуулагдсан цагаасаа хойш НДШ төлөөгүй явж байна

УИХ-ын Хяналт шалгалтын түр хорооны тав дахь өдрийн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор эхлээд хяналт шалгалтаар илэрсэн бусад асуудлын талаарх 6 сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд холбогдуулан 55 гэрч дуудсан.  “Нүүрсний” гэх тодотголтой энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа юм. Эхний үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 04-08-ны өдрүүдэд болсон бол хоёр дахь үе шат энэ сарын 18-22-ны өдрүүдэд үргэлжилж, өнөөдөр өндөрлөнө. Сонсголын эхэнд  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Тавантолгой ордын Бортээгийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах сэдвээр шинжээчийн дүгнэлтийг танилцууллаа.

Шинжээч: Тавантолгой ордын Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгох 715.9 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр баталсан байна. Тендерийг цахим хэлбэрээр гурван удаа зохион байгуулсан. Энэ хугацаанд тендерийн шалгаруулалтад хэд хэдэн удаа өөрчлөлт оруулсан. Гурав дахь тендер шалгаруулалтад цорын ганц оролцогч болох “Монголиан контракт майнинг сейрвис” ХХК, “Таван хур” ХХК, “Админерал” ХХК, “Спэйшлмайнинг сервес” ХХК-уудын  түншлэл “МТАС” түншэлэл 715.9 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн байсан.

Үнэлгээний хороо материалыг хянаж үзээд “МТАС” түншлэлийн материал шаардлага нийцсэн гэж үзэж 2021.11.1-нд гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлж, мөн сарынхаа 7-нд гэрээ байгуулсан. Тендер сонгон шалгаруулалтыг үнэлбэл, “МТАС” түншэлэл шалгарах боломжгүй байсан. Үүнд 4.2.е- сүүлийн гурван жилийн борлуулалтын орлого нь төсөвт өртгийн 15 хувь буюу 107.4 тэрбум төгрөгөөс багагүй байна. Үүнийг компани тус бүрээр нь авч үзвэл “Спэйшлмайнинг сервес” ХХК-иас бусад нь шаардлага хангаагүй байна.

“Админерал” ХХК 2021 долдугаар сарын 2-нд гадаадын хуулийн этгээд хамтран байгуулж, гүйцэтгэх захирлаар Хасбаатарыг томилж байсан байна. “Админерал” ХХК байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсад нэг ч ажилтан байхгүй гэж НДШ төлөөгүй явж байна. Тус компани үйлдвэр болон барилга байгууламж барих зорилгоор Цогтцэций сумын Бортээгийн уурхай дээр 35 га газар эзэмшэх эрхийг 2022.2.23-нд авсан.

Уг тендерийг тухайлсан аж ахуй нэгжид зориулан хуулийн хүрээнд явагдсан гэж харагдуулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХХК 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж, тендер шалгаруулсан байж болзошгүй байна. Эхний тендерийг тодорхой үндэслэлгүй цуцалж, хоёр дахь тендерийг хуулийн хүрээнд зохион байгуулсан үнэлгээний хороог өөрчилсөн. “МТАС” түншлэлийн гишүүн “Админерал” ХХК болон “Таван хур” ХХК-д давуу байдал үүсгэх зорилготой гэж үзэхээр байна.

Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд гэрч нараас асуулт асууж, хариулт авлаа.

Түр хорооны дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: Энэ өнгөн дээрээр “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс баяжуулах үйлдвэрийн тендер мэт харагдаж байгаа ч 2.3 тэрбум тонн нөөцтэй Бортээгийн нүүрсийг баяжуулах борлуулах тендер болж хувирсан. Тэгэхээр үүнийг тендер гэж ярих уу, Бортээгийн уурхайг тендер нэрээр авах ажиллагаа гэж харах уу. Энэ ажлыг зохион байгуулахад үнэлгээний хорооныхон оролцжээ. Уужимсанаа гэдэг хүний нэр оролцжээ. Гуравдахь тендерт дотоод албан бичиг хүргүүлсэн. Энэ бичгээр Бортээгийн нүүрсийг борлуулах онцгой эрх өгсөн. Энэ санал ТУЗ-өөр батлагдсан гэж худал мэдээлэл өгсөн. Та 440 их наяд төгрөгийн нүүрсийг нэг компанид борлуулах эрхийг өгдөг ямар эрхтэй хүн бэ?

   “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн Геологи уул уурхай, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.юУужимсанаа: Би 2018 оноос хойш “Эрдэнэс Тавантолгой”-д ажиллаж байгаа. 2020 онд ТЭЗҮ-ийг яаралтай батлуулах шат шатны шийдвэр гарсан. 300 сая төгрөгийн төсөвтэй ТЭЗҮ батлуулах тендер зарлаагүй байсан. Бортээгийн ордыг ашиглах санал ТУЗ-д танилцуулагдаад чиглэл авсан. Энэ ордоос нэмэлт орлого олъё гэдэг шийдвэр ТУЗ, гүйцэтгэх удирдлагын шийдвэр. ТУЗ дээр энэ асуудал маш их яригдсан. Би энэ бичгийг өөрөө бодож байгаад өгөхгүй. Хоёр бичиг өгсөн. Компанийн гүйцэтгэх удирдлага, шат шатны дарга нарын  шийдвэрээр өгсөн.

УИХ-ын гишүүн Г.Ганболд: Таны саналаар л явсан байна Уужчимсанаа. Уг нь энэ хуурай болон нойтон баяжмал хосолмол байсан. Гэтэл таны саналаар дан хуурай болгосон байна. Энэ нь нүүрсээ шигчээд гаргана гэсэн үг. Тэгэхээр хаягдлаа яана гэж тооцсон юм бэ. Яагаад тендерийн шалгууруудаа бууруулаад яваад байсан юм бэ. 715 тэрбумын төлбөртөө хэзээ нүүрсээ дуусгах гэрээ байсан бэ. Өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг өгөөгүй, нэг тонн ч нүүрс гаргаагүй гэж байна. Эсвэл өөр аргаар авчихаад байгаа юм уу?

         “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн Геологи уул уурхай, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Уужимсанаа: Анхны ажлын даалгавар нь хуурай аргаар баяжуулах гэж явж байсан. Нүүрс баяжуулах үйлдвэрийн үзүүлэлтийг үнэлгээний хороо бууруулсан. Говьд усгүй учраас хуурай баяжуулахаар авах нь зүйтэй гэсэн ТЭЗҮ-ээс гарсан. Энэ бол уулын ажлын тендер. Үүнд баяжуулах үйлдвэр цогцоороо орж ирээд үйл ажиллагаа явуулна гэсэн. Үүн дээр манай компаниас нэг ч төгрөг гарахгүй.

Тухайн компанин “Эрдэнэс Тавантолгой”-н гадаа баяжуулах үйлдвэрээ баръя гэсэн. Тиймээс өөрийнхөө газраас газар түр ашиглах зөвшөөрөл олгосон.

Түр хорооны дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: Танд хэн энэ тендерийг зогсоо гэдэг чиглэл өгсөн бэ?

         Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга О.Бат-Амгалан: Намайг нарийн бичгээр томилсон өдөр Бортээгийн уурхайн тендерийн бичиг баримтыг бүрдүүлж, яаралтай батал гэж үүрэг өгсөн. Маргааш нь тендерийг зарласан. Тендерийг зарлаад нэг хоноод Худалдан авах ажиллагааны дарга Бат-Эрдэнээс үүрэг өгч зарласан тендерээ яаралтай буцаа гэсэн. Холбогдох эрх бүхий байгууллагаас үүрэг өгсөн гэж тендерийг түр зогсоосон. Гэтэл тендерийн бүх баримт бичгийг дотроос нь устга, тендерийг цуцлалаа гэсэн.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Ямар эрх мэдлээр тендерийн материалд хөнгөлөлт үзүүлээд, өөрчлөөд байгаа юм бэ. Тийм удирдамж байгаа юм уу?

        “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн Геологи уул уурхай, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Уужимсанаа: Ард түмэн үзээд сууж байгаа. 1.5 тэрбум хувааж аваад, халаасалдаг гэж ярихаар харамсалтай байна. Би маш олон удаа хэллээ. Энэ бол компанийн бизнес төлөвлөгөөний дагуу төсөв нь ТУЗ  дээр батлагдаад явсан төсөл. Компанийн төлөвлөгөө байсан, ТУЗ нь баталсан.

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.