| | USD/MNT 0₮
УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Тэд өнөөдрийнхөө хуралдаанаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатараас мэдээлэл авч, цаг үеийн нөхцөл байдлыг хэлэлцжээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: “Иргэд бензин шатахуун авахаар Улаанбаатарт таван цаг дугаарлаж байна. Орон нутагт нөхцөл байдал бүр хүндэрсэн. Өвөлжөөндөө буугаагүй айл байхыг үгүйсгэхгүй. Зарим компани зуд нүүрлэж буй айл өрхүүдэд тусалж, өвс тэжээл хүргэх санаачилга гаргаж байгаа боловч түлш алга байна. Өнөөдрийн мэдээллийг сонсоход ойрын хугацаанд гачигдлыг арилгана гэж байна. Энэ асуудлыг бид хоёр сарын өмнөөс ярьж байсан. Малчид эрх баригчид шиг АИ95 хийдэггүй. Зуд турхан болсон аймгуудад малчид идшээ ч хийж чадаагүй байна. Малаа алдаж, малынхаа араас явж чадахгүй байна. Эрх баригчдын бодлого хаана байна вэ. УУХҮ-ийн сайд ойрын 7 хоногийн дотор асуудлыг шийднэ гэлээ, үнэмшихгүй байна." гэв.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: “Хоёр сарын өмнө ярьж байсан асуудлууд өнөөдөр ч шийдэгдээгүй байна. Бүх зүйл тэг зогсолт руу явж байна. Дизелийн түлш хомсдож, үнэ хөөрөгдөж байна. Орон нутагт дизелийн түлш 5000 төгрөгийг давлаа. Гэтэл дамлан худалдахыг зогсооно гэсэн ойр зуурын юм ярьж байна. Ямар нэг мэдээлэл сонсохоор цаг аргацаасан юм яриад байна. ААН-үүд сөхөрч байна. МАН-тай холбоотой, шатахуун импортлогчидтой холбоотой ААН-үүдийн үйл ажиллагаа л явж байгаа. Хөдөөд том байтугай жижиг нь ч явахгүй байна. Ачаа бараа, хүн тээврээ хийж чадахгүй болчихоод байна. Ийм нөхцөл байдалд энэ сайд үүргээ гүйцэтгэж чадахгүй бол хариуцлага тооц" гэв.
Мөн УИХ дахь АН-ын бүлгээс УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарыг огцруулахад санал нэгдсэн байна.