| | USD/MNT 0₮
Украины парламентын гишүүн асан Илья Кива өчигдөр Москва хотын захын дүүргийн цэцэрлэгт буудуулж алагджээ. Тэрбээр Оросын талыг баримтлагч байсан бөгөөд Украины дайн эхлэхээс нэг сарын өмнө ОХУ руу зугтан гарч байв. Киевийн эрх баригчид түүнийг эх орноосоо урвасанд тооцож байжээ. Өнгөрсөн хугацаанд Кива онлайн орчинд болон Оросын төв телевизийн ярилцлага, нэвтрүүлэгт оролцохдоо Украины эрх баригчдыг байнга шүүмжилдэг байв.
Түүний цогцсыг өчигдөр Москвагийн захын Одинцово дахь цэцэрлэгт хүрээлэнгээс олсноо Оросын тал мэдээлжээ.
“Үл таних хүн үл мэдэгдэх зэвсгээр хохирогчийг бууджээ. Хохирогч шархны улмаас газар дээрээ үхсэн байна” гэж Оросын мөрдөн байцаах хорооны мэдэгдэлд өгүүлсэн байна.
Украины аюулаас хамгаалах алба (СБУ) энэхүү аллагыг үйлдсэн тухай нэрээ нууцалсан Киевийн албаны эх сурвалж мэдээлжээ.
Дараа нь Украины цэргийн тагнуулын газрын хэвлэлийн төлөөлөгч Андрей Юсов “Кива үхсэнийг бид баталж байна. Ийм хувь тавилан Украинаас урвасан бусад хүмүүсийг болон Путиний дэглэмийн гар хөл болсон хүмүүсийг хүлээж байгаа” гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр Киваг “хамгийн аюултай урвагч” байсан гээд түүний үхлийг “зүй ёсны шийтгэл” гэж тодорхойлжээ.
Украины шүүхээс 46 настай Кивад эх орноосоо урвасан, олон нийтийг хүчирхийлэлд турхирсан хэрэг тулгаж, 14 жил хорих эчнээ ял оноогоод байсан юм.
Өчигдөр бас Украины эзлэгдсэн Луганск мужид Оросын талыг баримтлагч улс төрч Олег Попов автомашинд тавьсан бөмбөг дэлбэрэх үеэр алагдсан байна. Тэрбээр Луганскийн парламентын гишүүн байсан юм.
Эх сурвалж: Reuters