| | USD/MNT 0₮
Холбооны мөрдөх товчооноос олон жил мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд АНУ-аас Боливи улсад суух Элчин сайдаар ажиллаж байсан дипломатчийг баривчилжээ. Өдгөө 73 настай Мануэл Рочаг тагнуулын хэрэгт сэжиглэн өнгөрсөн Баасан гаригт Майамигаас баривчилсан байна. Түүнийг Куба улсын засгийн газарт нууц агентаар ажилласан хэрэгт сэжиглэсэн бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр болох шүүх хурлын үеэр нийтэд дэлгэх гэнэ.
Роча нь 25 жил дипломат албанд ажиллахдаа ихэнх хугацааг Хүйтэн дайны үед Латин Америкт өнгөрүүлжээ. Тухайлбал, АНУ нь Фидель Кастрогийн коммунист засгийн газартай бүрэн дипломат харилцаагүй байсан тэр үед Куба дахь АНУ-ын ашиг сонирхлын хэлтэст ажиллаж байжээ. Мөн 1997-2000 оны хооронд Аргентин дахь АНУ-ын шилдэг дипломатч гэгддэж байжээ. Роча мөн Итали, Гондурас, Мексик, Доминикан улсад ажиллаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Латин Америкийн шинжээч хийж байсан аж.
Төрийн департаментаас тэтгэвэрт гарсныхаа дараа Роча бизнесийн салбарт орж хоёр дахь карьераа эхлүүлж, Канадын Баррик Гоулдын хэсэгчлэн эзэмшдэг Доминикан дахь алтны уурхайн ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Сүүлд Пенсильвани мужид төвтэй нүүрс экспортлогч "XCoal"-д ахлах албан тушаал хашсан байна. Тэрбээр Колумбид төрж, Нью-Йорк хотноо өссөн бөгөөд 1981 онд гадаад албанд ажиллахаасаа өмнө Йел, Харвард, Жоржтаун зэрэг сургуульд либерал урлагийн зэрэг хамгаалжээ.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS