| | USD/MNT 0₮

Нийслэлийн ХҮН намын даргаар Э.Золзаяа сонгогдлоо

ХҮН намын нийслэлийн намын хорооны даргын сунгаа өнөөдөр боллоо. Сунгаанд Хотын хөгжлийн эксперт Э.Золзаяа, барилга, хот байгуулалтын чиглэлээр бизнес эрхлэгч Л.Одсүрэн, хотын эдийн засгийн чиглэлээр байр сууриа идэвхитэй илэрхийлдэг эдийн засагч, жиргээч Ц.Лут-Очир нар оролцож өөр өөрсдийн хотыг хөгжүүлэх концепци, төлөвлөгөөг танилцуулсан байна. Нэр дэвшигчдийн мэргэжлийн байр суурь, харилцан хүндэтгэлтэй эрүүл мэтгэлцээний үр дүнд урбанист Э.Золзаяа олонхийн санал авч, ХҮН намын Нийслэлийн намын хорооны даргаар сонгогдлоо.

Э.Золзаяа нь өмнө нь Нийслэлийн байгаль орчин, уур амьсгалын бодлого, ногоон хөрөнгө оруулалтын чиглэлээр Азийн хөгжлийн банкинд төслийн удирдагчаар, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, ИКЛЕЙ олон улсын хотуудын сүлжээний Монгол дахь зөвлөх, НҮБ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт зөвлөхөөр ажиллаж байсан хотын хөгжил, бодлого, төлөвлөлтийн мэргэжилтэн юм. Мөн тэрбээр хотын төлөвлөлт дизайны “Креатив 100” хөдөлгөөнийг санаачлан үүсгэн байгуулж иргэдэд таатай хэд хэдэн орон зайн төлөвлөлт хийсний дотор хүүхдийн паркийн шинэчлэлийн төсөл, хүнд ээлтэй бус гудамжнуудын сайжруулалтын төслүүд орж байна.

Түүний танилцуулсан хотыг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрөөс товч танилцуулбал:

Хотын үйлчилгээ, амьдрах орчны тэгш бус байдлыг арилгахын төлөө үндсэн бодлого арга хэмжээ чиглэхээс гадна хотын эдийн засгийн өсөлтийг бизнесүүдэд ээлтэй, хүртээлтэй байлгахад анхааран ажиллана. Ингэснээр нүсэр биш цомхон хотын менежментийн багаар ажиллаж хотын эдийн засгийн өсөлт дагасан ногоон ажлын байр нэмэгдэх, улмаар хотын суурь үйлчилгээний чанар стандарт дээшлэх ажлуудыг цогцоор нь хийж хэрэгжүүлэх юм байна. Мөн хотын иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх төрөл бүрийн сонголтуудыг солонгоруулж ажиллах нь эрчим хүч, тээвэр, орон сууцны бодлогуудад нэн таатай боломж бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.