| | USD/MNT 0₮
Нийслэлийн АН-ын даргыг энэ сарын 16-нд тодруулахаар төлөвлөжээ. Гэхдээ хэн болох бол гэдэг нэн чухал асуудал. Эрх баригч намын гал хамгаалагч мэт явсан Х.Нямбаатар хотын дарга болчихсон энэ цаг үед сөрөг хүчний гал тогоо-г барих хүн нь нийслэлээ нэвт мэддэг байх шаардлага эрхгүй тулгарч буй.
Үүнтэй зэрэгцээд нэр дэвшигчдийн хувьд хэн нэгний зүүлт, татаас мэт харагдаж байгаа нь энгийн гишүүдийг талцуулах магадлал өндөртэй байгаа юм.
Ядахад дүүргүүдэд Нийслэлийн намын хорооны нөхөн сонгуулийг зохион байгуулахдаа хоорондоо үл ойлголцол үүсгэлцсэн нь бүр ч их хардлага төрүүлж буй. Юутай ч Нийслэлийн АН-ын хорооны 225 гишүүн Д.Бадарсан, Т.Батцогт, М.Тулгат нараас сонголтоо хийх учиртай. Дээр нь Ц.Баатархүүгийн нэр яригдаж байгаа ч өөрөө бол жаахан цэрвээд яваа. Мөн Ц.Уянга ч үзээд алдах сураг бий. Гэхдээ дүрмийн дагуу шинэ гишүүнд боломж тун бага. Мэдээж дээр нэр дурдагдсан залуучуудын хувьд Ц.Уянгаас бусад нь бүгд НИТХ-д 2-3 удаа сонгогдчихсон туршлагатай нөхөд. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээсээ илүү НИТХ-ын төлөөлөгчид нь сөрөг хүчний үүргийг дорвитой биелүүлж том дуугарч чадаад байгаа юм. Мэдээж гаргалгаа сайтай учраас тэр. Харин цаашид Нийслэлийн АН-ыг толгойлохын зэрэгцээ дээр дурдсанчлан нийслэлд шаардлагатай гарц, гаргалгааг тултал ашиглаж, эрх баригчидтай ирэх жил өрсөлдөх хэмжээний чадамжтай хүнээ сонгох ёстой
Нэр дэвшигчдийн хувьд өөрийгөө олон нийтэд хамгийн ихээр таниулсан нь М.Тулгат. Тэр өмнө нь АН хөл, толгой нь олдохгүй хоёр даргатай болчихсон байх үед ч том даргын сонгуульд өрсөлдөж, нэг хэсэгтээ л дарга гэгдэж явсан. Гэлээ гээд тэр цаг үед АН улам бүр хагаралдсан уу гэхээс эвлэлдэн нэгдэж чадаагүй.
Тийм байтал өдгөө сонгуулийн өмнөхөн М.Тулгатаар Нийслэлийн АН-ыг удирдуулна гэвэл сөрөг хүчин байтугай санал авч чадахгүй гэдгийг энгийн гишүүд хэлж буй.
Энд нэг зүйлийг тодотгоход АН-ын нэг муу тал нь өөрсдийгөө ардчилагчид гэж нэрлэхийн зэрэгцээ намын дотоод асуудлаа шийдвэрлэж чадахаа байхаар олон нийтэд шууд дэлгэж зөвхөн өөртөө оноо авдаг тал ажиглагддаг.
Яг энэ зарчмаар М.Тулгат хамгийн сайн гаршсан хийгээд өнгөрөгч өдрүүдэд болсон Баянзүрх дүүргийн Нийслэлийн намын хорооны гишүүдийн нөхөн сонгуулийн үеэр улам бүр ил болсон
М.Тулгат болон Т.Батцогт нар хоёулаа Баянзүрх дүүргээс сонгогдсон төлөөлөгчид. Гэсэн ч М.Тулгат нь өөрийгөө тодотгохын тулд бусдыгаа гишгэлсээр ирсэн. Өмнө нь Жинхэнэ манлайлагч хүн намын дарга болох ёстой” гэж хэлж, ярьж байсан нь өнөөдөр үлгэр байсныг нь баталж өгдөг.
Түүнтэй нэг тойргоос НИТХ-ын төлөөлөгчөөр яваа Т.Батцогтын хувьд МоАХ-ын дэмжлэгтэй гэгддэг. Энэ нь мань хүнийг юу ч хийж, ямар ч бодлого боловсруулсан муухай харагдуулаад байдаг гэмтэй
Товчхондоо АН-ын гишүүд дургүйгээ хүрсэн хүмүүсээ Х.Баттулга, С.Эрдэнээр овоглодог болоод удаж буй.
Угтаа бол өнөөгийн улстөрийн намын гишүүд улстөрд хэн нэгний саналыг дагаж, эс бөгөөс дэмжлэгээр орсон нь үнэн. Гэхдээ насан туршид нь түүгээр нь овоглож, отож байгаад цохиж унагах тактик ашигласаар байгаа нь ёс зүйгүй үйлдлүүдийн нэг. Яг энэ зарчмаар “цаазын тавцан”-д яваа хүн бол Т.Батцогт.
Зөвхөн НИТХ гэхгүй эрх баригчидтай үзэлцээд яваа. Яах вэ, залуучуудаа төлөөлдөг юм уу, сөрөг хүчний байр сууриа илэрхийлэхдээ хатуухан хэлчихдэг учраас өрөөлийн намынхны ч дургүйг хүргэчихдэг талтай. Гэлээ гээд дунд орчхоод дуугүй сууж байснаас бодит байдлыг хэлчихвэл бас цаадуулынх нь чих онгойж, сортолзох магадлал өндөр гэж төлөвлөдөг байх магадлалтай.
АН-ын дарга Л.Гантөмөр уг нь олон фракцыг эвлэрүүлэхээр зүтгэж, ирэх оны сонгуульд ялалт биш юмаа гэхэд өнөөгийнхөөс олон суудал авахын төлөө ажиллана гэхчлэн баахан амлалттай яваа.
Харамсалтай нь мань хүн Нийслэлийг АН-ын даргын сонгуулиас болоод гишүүдийнхээ дунд нэр хүнд нь нэлээд унаж эхэлсэн. Учир нь, Л.Гантөмөр Д.Бадарсанг бодлогоор дэмжинэ гэдгээ шулуухан хэлчихсэн.
Өөрөөр хэлбэл нэр дэвшигчид нэг гараанаас хөдлөхгүй, гишүүд сонгогчид нь ч өөрсдийн саналаар бус намын том даргын зангаагаар хандахаар хайрцаглагдчихсан гэсэн үг.
Д.Бадарсангийн улстөрийн замнал бол ердөө Л.Гантөмөр. Тиймээс олон фракцын учрыг эв нэгдлийг хангах ёстой Л.Гантөмөрийн хувьд өөрийн хүнээ Нийслэлийн АН-ын даргаар сонгуулчихвал санал өгөх эрхгүй ч АН-д итгэж явдаг гишүүдээ ёстой доромжилсон үйлдэл болохоор байгаа юм
Тэгэхээр мань Л.Гантөмөрийн хувьд ирэх жилийн сонгуульд хүчтэй орохын тулд хувийн амбицаа дарж, Д.Бадарсанг барьж гүйх бус саналын эрхтэй гишүүд хэнийг дэмжиж байгааг харахын тулд тулааныг залуучууддаа үлдээх ёстой баймаарсан.
Эх сурвалж: Erennews.mn